Тарваган тахлын голомтод шимэгчгүйтгэлийн ажил хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-06-19 23:23:42

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн мэргэжилтнүүд Сийлхэмийн уулсын тарваган тахлын байгалийн голомтод шимэгчгүйтгэлийн ажлыг энэ сарын 7-16-ны өдөр хийсэн байна.  

Үүнд тус аймгийн Улаанхус, Ногооннуур сумын Хаг нуур, Жаргалант, Талын толгой, Шар булаг, Худаг зэрэг нутгуудын нийтдээ 480 га газрыг хамруулжээ. Шаардлагатай бодис, шатахууны зардлыг аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс шийдвэрлэж өгсөн байна.

Шимэгчгүйтгэл нь өвчин дамжуулагч гадны шимэгчийн тоошлыг бууруулж устгах арга хэмжээ бөгөөд гоц халдварт өвчний эпизоотийн тархалтыг хязгаарлах, халдварын эрсдэлийг багасгах зорилгоор хийдэг аж.  

Дашрамд сануулахад, 2017 онд манай улсын Зоонозын өвчин судлалын үндэсний төв ОХУ-ын Эрхүү хотын Сибирь, Алс Дорнодын тарваган тахал эсэргүүцэн судлах эрдэм шинжилгээний хүрээлэнтэй хамтран Баян-Өлгий аймгийн Ногооннуур, Цагааннуур, Улаанхус, Бугат сумын нутагт тандалт судалгаа хийж, тарваган тахлын байгалийн голомт онц идэвхтэй, хүн өвчлөх магадлал өндөр байгааг тогтоосон. Мөн өнгөрсөн дөрөвдүгээр сарын 25-ны өдөр Цагааннуур тосгоны хоёр иргэн тарваган тахлаар өвчилж нас барсан юм. 

Холбоотой мэдээ