Хар тамхины хэргээр гадаадын 7 иргэнийг шалгаж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хар тамхины гэмт хэрэгт гадаадын долоон иргэн холбогджээ. Тодруулбал, Холбооны Бүгд Найрамдах Нигери улсын дөрөв, БНСУ, Франц, Энэтхэг улсын тус бүр нэг иргэн юм хэмээн Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын дарга, цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболд, Хэвлэл, мэдээллийн төвийн дарга, Цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү нар өнөөдөр мэдээллээ.
ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвд болсон хэвлэлийн хурлын үеэр тэд, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт
бодистой холбоотой гэмт хэргийн нөхцөл байдал болоод цагдаагийн
байгууллагаас 2019 оны эхний зургаан сард энэ төрлийн гэмт хэрэгтэй
тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн ажил, арга
хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм.
Хар тамхи мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг Улаанбаатар хотод төдийгүй орон нутагт ч гарах болсон байна. Өнөөдрийн байдлаар, орон нутагт 12 гэмт хэрэг буюу Орхон аймагт 7, Сэлэнгэ, Булган, Төв, Дорнод, Өмнөговь аймагт тус бүр нэг гэмт хэрэг бүртгэгджээ.