Ерөнхий сайд Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг дэмжихээ илэрхийлэв

Монголын мэдээ | Боловсрол
bolor@montsame.mn
2019-06-20 17:06:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол-Солонгосын политехник коллежид өнөөдөр зочилж, Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын багш нарын төлөөлөлтэй уулзлаа. 


Хот, хөдөөгийн МСҮТ, Политехник коллежийн багш нарын төлөөлөл оролцсон тус уулзалтыг нээж УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг хэлэхдээ, улсын хэмжээнд мэргэжлийн болон техникийн боловсролын түвшинд сургалтын үйл ажиллагаа эрхэлж буй төрийн болон төрийн бус өмчийн 84 МСҮТ, Политехник коллежид 4624 багш, ажиллагсад ажиллаж байна. Үүний 2469 нь багш, 38.5 мянган суралцагч 16 салбарын 200 гаруй мэргэжлээр суралцаж байна. Төгсөгчдийн 72.3 хувь нь төгсөнгүүтээ шууд ажлын байранд очиж, дараагийн шатны сургалтад хамрагдаж буй болон Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийг шинэчлэхээр ажиллаж байгаа зэрэг мэдээллийг өглөө.


Мөн тэрбээр тус салбарын багшийн техник мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, давтан сургах, багшийн нэр хүнд, ёс зүй, шаардлага, хариуцлагыг өндөржүүлэн, хөдөлмөрийг бодитой үнэлэх тогтолцоог бүрдүүлэхээр 2019 оныг “Багшийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд мэргэжлийн багш нарыг мэргэшүүлэх, шинэ техник технологийг эзэмшүүлэх давтан сургах сургалтыг төсөл хөтөлбөрийн дэмжлэгтэй 2600 гаруй багш, ажилтны мэргэжил ур чадварыг дээшлүүлэн, ажиллах орчныг нь сайжруулахад анхааран ажиллаж байгааг дуулгав. 



Ерөнхий сайд У.Хүрэлсүх уулзалтад оролцож буй багш нарт талархал илэрхийлээд, Монгол Улсын Засгийн газраас бүх шатны боловсролын байгууллага тэр дундаа мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг дэмжих талаар тодорхой ажлыг шат дараатай авч хэрэгжүүлж байгаа. Мөн мэргэжил ур чадвартай залуусыг бэлтгэдэг Мэргэжлийн боловсрол, сургалтын багш нарын их хурлыг анх удаа зохион байгуулна гэдгээ хэллээ.


Уулзалтын үеэр багш, сурагчдын төлөөлөл Ерөнхий сайдад хандан санал бодлоо илэрхийлсэн юм. Тэд МСҮТ, Политехник коллежид энэ хичээлийн жилд  24.9 мянган суралцагч шинээр элссэн нь өмнөх жилийнхээс 28.1 хувиар өссөн төдийгүй энэ үзүүлэлт гурван жилийн өмнөхөөс даруй 5000 гаруйгаар өссөн дүн гэдгийг хэлэв. Энэ нь залуус өөрийн сонирхол, авьяас чадвараа хөгжүүлж баялаг бүтээгч байхыг эрмэлзэх болсныг мэргэжлийн боловсролын салбарт суралцаж буй залуусын сонголтоос харж болохоор байгааг хэлж байлаа.


Ерөнхий сайд энэ үеэр хот, хөдөөгийн МСҮТ, Политехник коллежийн багш нарт 150 гаруй компьютер гардуулав. Багшийн хөгжлийг дэмжих жил”-ийн хүрээнд Засгийн газрын тогтоолоор Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын багшийн хөгжлийг дэмжих төв байгуулах, “Цахим засаглал” үндэсний хөтөлбөрийн хүрээнд багш нарыг компьютержуулахаар төлөвлөсөн бөгөөд эхний ээлжинд 1000 багш сургалтад хэрэглэх зөөврийн компьютертэй болж буй юм. 


Гэрэл зургийг Т.Чимгээ






Холбоотой мэдээ