В.Рэнцэндорж: Говь-Алтай аймагт анх удаа 70 гаруй тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил өрнөж байна

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2019-06-21 00:00:03

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн ИТХ-ын ээлжит бус хуралдааны олонхийн шийдвэрээр тус аймгийн Засаг даргаар В.Рэнцэндоржийг томилсон юм. Үүнтэй холбоотойгоор шинэхэн Засаг даргатай түүний хийж хэрэгжүүлэх ажил, тус аймагт өрнөж буй бүтээн байгуулалт, цаг үеийн асуудлаар ярилцлаа. 


-Сайн байна уу, Танд энэ өдрийн мэнд хүргэе. Говь-Алтай аймгийн Засаг даргаар томилогдоод удаагүй байна. Бүрэн эрхийнхээ хугацаанд өмнөх Засаг даргын хөтөлбөрийг үргэлжлүүлэх үү эсвэл шинэ хөтөлбөр батлах уу?

-Сайн байна уу, зуны дунд сарын мэндийг хүргэе. Говь-Алтай аймгийн ИТХ-ын олонхийн санал болон Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар зургаадугаар сарын 11-ний өдөр Говь-Алтай аймгийн Засаг даргын албанд томилогдсон. Мэдээж өмнөх Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг үргэлжлүүлж ажиллах ёстой. Сонгуулийн дөрвөн жилээс 1,5 жил нь л үлдээд байна. Цаг хугацаа бага байна. Энэ хугацаанд Говь-Алтай аймгийн хөгжлийн дунд хугацааны хөтөлбөр болон Засаг даргын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар анхаарч ажиллана. Тухайн жилийн үндсэн хөтөлбөрт гол ажлуудаа нэмэх тухай саналаа ИТХ-д оруулан батлуулна. Хамгийн чухал зүйл бол 2010 онд батлагдсан Говь-Алтай аймгийн хөгжлийн цогц бодлогын хугацаа дуусч буй учир уг урт хугацааны буюу 10-15 жилийн хөгжлийн стратеги хөтөлбөрөө төлөвлөх шаардлагатай. Тиймээс энэхүү ажлыг нэг жилийн өмнө буюу энэ онд эхлүүлнэ. Уг хөгжлийн чухал асуудалд Говь-Алтай аймгаас харьяат салбар бүрийн эрдэмтэн мэргэд болон орон нутагтаа ажиллаж буй төрийн алба хаагчид, ард иргэдээ оролцуулан тэдний саналыг урт хугацааны хөгжлийн бодлогод тусгах юм.

-Сүүлийн жилүүдэд Говь-Алтай аймаг өрсөлдөх чадвараараа бусад аймгаас сүүл мушгих болсон. Таны тухайд энэ асуудалд хэрхэн анхаарч ажиллах вэ?

-Энэхүү асуудал Говь-Алтай аймгаар овоглодог хүн бүрийн санааг чилээх болсон. Тиймээс бид богино хугацаанд аймгийнхаа хөгжлийг яаж түргэтгэх вэ гэдгийг бодлогын түвшинд анхаарч ажиллана. Ямар учраас өрсөлдөх чадварын судалгаагаар Говь-Алтай аймаг сүүлд ороод байгаа нь олон хүчин зүйлээс шалтгаалдаг. Тухайлбал, нийслэл хотоос алслагдсан байдал, хүн амын тоо, дэд бүтцийн хөгжлийн сулавтар байдал нөлөөлж буй байх. Мөн өрсөлдөх чадварыг хойш нь татаж байгаа бас нэг зүйл бол ажилгүйдэл юм. Үүнийг засч сайжруулахын тулд УИХ-д Говь-Алтай аймгаас сонгодсон гишүүн, Засгийн газрын гишүүдтэй орон нутгийн төрийн байгууллагын алба хаагчид бид хамтран ажиллаж, улсын болон орон нутгийн төсөв, төсөл хөтөлбөр, аймаг сумдын нутгийн зөвлөлүүдийн хөрөнгө оруулалтыг орон нутаг руугаа татан хамтарч ажиллах цаг болсон гэж ойлгож байгаа. Тиймээс энэхүү ажлыг санаачлан хийж хэрэгжүүлнэ. Шинээр томилогдсон Засаг даргын хувьд 1,5 жилийн хугацаанд ажилгүйдлийг бууруулах хөтөлбөр боловсруулж ажиллах зорилго тавин судалгаа тооцоолол хийж байгаа. 

-Энэ онд Говь-Алтай аймагт бүтээн байгуулалтын томоохон ажлууд өрнөж эхэлсэн гэж дуулсан. Хэчнээн төгрөгийн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажил хийх вэ?

-2019 онд Говь-Алтай аймагт анх удаа 70 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж бүтээн байгуулалтын ажил өрнөж байна. Үүний хүрээнд аймгийн ард иргэдийн амьдралд нэн хэрэгтэй ундны ус, зүүн бүсийн чиглэлийн хатуу хучилттай авто зам гэх мэт дэд бүтцийн бусад асуудлууд шийдэгдэнэ. Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр сүүлийн таван жил царцсан байсан баруун бүсийн чиглэлийн 126,7 километр замын ажил эхэллээ. Энэ жил ямар ч байсан 100 километрийг ашиглалтад оруулахыг зорьж буйгаа гүйцэтгэгч компанийн зүгээс бидэнд илэрхийлсэн. Говь-Алтай аймгаас УИХ-д сонгогдсон гишүүний хувьд ч энэ асуудлыг ихээхэн анхаарч ажиллаж байгаа.

Түүнчлэн Монгол, Австрийн Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу хэрэгжиж буй "Тайшир-Алтай" ус хангамж төслийн бүтээн байгуулалтын ажил эхлээд байна. Уг төсөл хэрэгжсэнээр Алтайчуудын хувьд олон жил хүлээлттэй байсан ундны усны асуудал бүрэн шийдэгдэх чухал ач холбогдолтой юм. Шинээр томилогдсон Засаг даргын хувьд “Тайшир-Алтай” төслийн Ерөнхий болон туслан гүйцэтгэгч компаниудтай хамтран ажиллах өөрөөр хэлбэл орон нутгийн иргэдийг байнгын болон түр ажлын байранд хамруулах санал санаачилга гарган ажиллана.

Энэ онд хийх бас нэг бүтээн байгуулалтын ажил бол Говь-Алтай аймгийн Тайшир сумыг түшиглэн жилд 190 тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр байгуулахаар техник, эдийн засгийн үндэслэл нь хийгдээд байна. Уг үйлдвэрийг 100 хувь гадаадын хөрөнгө оруулалтаар барьж байгаа, бидний зүгээс мөн л тус сумын иргэдийг ажиллах хүчнээр татан оролцуулах учир ажлын байр тодорхой хэмжээнд нэмэгдэх ач холбогдолтой юм. Эдгээр томоохон бүтээн байгуулалтын ажлаас гадна аймгийн хэмжээнд 30 орчим сургууль, цэцэрлэг, Соёлын төв, Эрүүл мэндийн төвийн барилгуудыг барина. Тэгэхээр барилгын гүйцэтгэгч компаниудтай хамтран ажиллаж, ажиллах хүчнээ Говь-Алтай аймгаас авах шаардлагыг тавьж ажлын байр нэмэгдүүлэн, ажилгүйдлийг тодорхой хэмжээгээр буулган үр өгөөжийг нь орон нутгийнхаа хөрсөнд шингээх боломжийг бий болгохыг зорьж байна.

-Удахгүй улсын баяр наадам болох гэж байна. Наадмын дараа намар гэдэг, өвөлжилтийн бэлтгэл ажил хангах цаг хаяанд ирлээ. Говь-Алтай аймгийн хувьд халаалт дулаан сүүлийн жилүүдэд асуудал дагуулах болсон шүү дээ?

-Тэгэлгүй яахав, өвөлжилтийн бэлтгэлийг зайлшгүй ханган ажиллах ёстой. Цаг зуурын ямар нэгэн бэрхшээлээс урьдчилан сэргийлж, хадлан тэжээлээ бэлтгэн нөөцлөх, төв суурингийн хувьд халаалт дулааны асуудлыг одооноос анхааран ажиллаж байна. Засаг даргаар томилогдоод л төрийн байгууллагуудын шуурхай хуралдаан хийж өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэх тухай хамтран ярилцсан. Урин цагт өвлийн бэлтгэлээ ханган, техник тоног төхөөрөмжийнхөө засвар үйлчилгээг хийх үүрэг даалгавар өглөө. Халаалт дулааны хувьд бэрхшээлтэй тулгамдсан асуудлын нэг учир өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахад зарим төрийн байгууллагуудын удирдлагуудыг оролцуулахаар шийдвэрлээд байна.

Говь-Алтай аймгийн халаалт дулааны асуудлыг шийдвэрлэх зорилгоор энэ онд дулааны станцын ажил эхлэх ёстой.  Засгийн газраас БНСУ-ын Эксим банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр уг ажлыг хийнэ. Алтай хотод дулааны цахилгаан станц барьснаар дэд бүтцийн хөгжил хийгээд иргэд ая тухтай ажиллаж амьдрах нөхцөл бүрдэхэд ихээхэн ач холбогдолтой юм. 

-Зарим иргэд төрийн албаныхан хүнд сурталтай, төрийн үйлчилгээ сул байна гэж шүүмжилдэг. Уг асуудалд хэрхэн анхаарч ажиллах вэ?

-Төрийн албан хаагчид, орон нутгийн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж буй албан байгууллагууд, улсын төсвийн хөрөнгө оруулалттай босоо тогтолцоотой төрийн үйлчилгээ үзүүлж байгууллагуудын алба хаагчдыг ард иргэдийн эрх ашигтай холбоотой асуудлыг шийдвэрлэхэд түргэн шуурхай ажиллахыг Засаг даргын хувьд уриалж байгаа. Ялангуяа төрийн албаны хүнд суртлыг арилгахыг анхаарч ажиллана. Засаг даргын хувьд удахгүй Говь-Алтай аймгийнхаа бүх суманд хүрч иргэдийнхээ үзэл бодлыг хуваалцан, хийж хэрэгжүүлэх ажлуудын саналыг авч, бүрэн эрхийнхээ хугацаанд хэрэгжүүлэх бодит ажлуудаа танилцуулна. 

-Бидний ярилцлага энд хүрээд өндөрлөж байна. Таны цаашдын ажилд амжилт хүсье.



Холбоотой мэдээ