Монголын эдийн засгийг төрөлжүүлэхэд Европын холбоо 4.5 сая евро зарцуулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunbold@montsame.gov.mn
2019-06-21 12:48:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс, Европын холбооны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилго бүхий  "Европын худалдааны өдөрлөг-2019" өнөөдөр боллоо.


Европын холбооны Хөнгөлөлтийн Ерөнхий Систем (GSP+) хөтөлбөрийн хүрээнд Монгол Улс жилд 6200 нэр төрлийн бүтээгдэхүүнийг Европын зах зээлд татваргүй эскпортлох боломжтой. Гэсэн хэдий ч органик гоо сайхны бүтээгдэхүүн, сарлаг болон ботгоны ноос, чацарганы тос болон арьс ширийг тус зах зээлд гаргаж буй юм. Тодруулбал, Монгол Улс өнгөрсөн онд 13 тэрбум ам.долларын гадаад худалдаа хийснээс 7 тэрбум нь экспорт байжээ. Гэхдээ Европын холбооны зах зээлд гаргаж буй бүтээгдэхүүнээс 100 сая ам.доллар олсон нь хэт бага үзүүлэлт гэдгийг ГХЯ-ны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирал В.Энхболд нээлтийн үеэр онцлов.


Batbayar Nadmid-н зураг.

Түүнчлэн Монгол Улс бараа бүтээгдэхүүнийхээ чанар, стандартыг дээшлүүлж, Европын холбооны шаардлагад нийцүүлэн экспортын хэмжээгээ ойрын хугацаанд 200 сая ам.долларт хүргэх зорилго тавин ажиллаж буйг цохон тэмдэглэсэн юм.


Монгол Улс уул уурхайгаас хараат эдийн засгаа төрөлжүүлэхийг Европын холбоо дэмжинэ гэдгийг тус холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Траян Лауренцю Христеа хэллээ.


Batbayar Nadmid-н зураг.


Тэрбээр, “Манай холбоо Монгол Улсын найдвартай түнш байж ирсэн. Цаашдаа ч Монгол Улсыг дэмжин ажиллах болно. Үүний нэг илрэл нь өнөөдрийн өдөрлөг юм. Манай холбооноос Монгол Улсын уул уурхайн салбарын бус экспортыг дэмжих зорилго бүхий ТРАМ төслийг хэрэгжүүлж байгаа. Энэхүү төслөөр чацаргана, гоо сайхны бүтээгдэхүүн болон сарлаг, тэмээний ноосон бүтээгдэхүүнийг хөгжүүлэх кластар байгуулан ажиллаж байна. Тодруулбал, төрөл тус бүрт нэмүү өртөг шингээхэд тулгамдаж буй асуудлыг тодорхойлж, шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх юм. Мөн Монголын бүтээгдэхүүнүүдийг Европын зах зээлд гаргах үйл явцыг хөнгөвчлөхийн тулд стандарт, бүтээгдэхүүний гарал үүсэлтэй холбоотой дүрэм, журам, гэрчилгээг сайжруулах болон зах зээлийн тандалт судалгаа хийж байгаа. Өнөөдрийн өдөрлөгөөр дээрх төслийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө” гэв.


Нийт 4.5 сая еврогийн санхүүжилт бүхий ТРАМ төслийг 2017 оны гуравдугаар сараас хэрэгжүүлж эхэлсэн. Энэхүү төслийг зөвхөн аж ахуйн нэгжийг санхүүжүүлэх зорилготой гэж ойлгодог хүмүүс олон бий. Гэхдээ ТРАМ бол бизнесийн салбарын хууль эрх зүйн орчныг үнэлэх, зөв, оновчтой болгох, шинэ санал санаачилгыг дэмжих зэрэг худалдааны тогтвортой бодлого боловсруулах болон кластерийг хөгжүүлэх зорилготой төсөл гэдгийг тус төслийн багийн ахлагч Кармен Фратита хэллээ. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт Замын-Үүд болон Алтанбулаг хилийн боомтод ажиллаж буй гаалийн байцаагч нарыг сургалтад хамруулж, “GSP+” хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгчээ.


Batbayar Nadmid-н зураг.

Тэрбээр, “Төслийн баг Сангийн яам болон гааль, мэргэжлийн хяналтын байгууллагын байцаагчдын чадавхыг сайжруулна. Чацаргана, гоо сайхны бүтээгдэхүүн болон сарлаг, тэмээний ноосон бүтээгдэхүүнийг хөгжүүлэх кластер байгуулах ажил амжилттай хэрэгжиж байгаа. Үүнээс хамгийн үр өгөөжтэй байгаа нь гоо сайхны бүтээгдэхүүний кластер юм. Тодруулбал, гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид, түүхий эд бэлтгэн нийлүүлэгчид нэгдэж удахгүй хуулийн этгээд болж бүртгүүлнэ. Ингэснээр Европын зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлэх боломж бүрдэнэ” гэлээ.


Batbayar Nadmid-н зураг.

Кластер гэдэг нь тодорхой нэгэн салбарт ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг, газарзүйн хувьд зэргэлдээ оршдог, хоорондоо нягт харилцаатай компаниуд болон тэдгээртэй холбоотой байгууллагуудын бүлэг юм

Холбоотой мэдээ