Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнууд зөвлөлдөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
naraa@montsame.gov.mn
2019-06-21 23:55:26

Төв /МОНЦАМЭ/. Аймгийн ЗДТГ, Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, ХХЭМБ хамтран аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын удирдах ажилтны зөвлөгөөнийг “Төр, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын түншлэлийг бэхжүүлэх нь” уриан дор зохион байгууллаа.

    Уг зөвлөгөөний зорилго нь иргэд хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагаар эрүүл мэндийн даатгалаар үйлчлүүлэх боломжийг бүрдүүлэх зорилтыг хангахад чиглэж байгаа ажээ.

    Зөвлөгөөнд аймгийн Засаг даргын орлогч Ч.Сарангэрэл, НБХ-ийн дарга Д.Мөнхцэцэг, Эрүүл мэндийн газрын дарга С.Мөнхтуяа, ЭМГ-ын дарга С.Оюунцэцэг болон эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүд, ХХЭМБ-ын 90 гаруй төлөөлөл оролцсон байна.

    Аймгийн хэмжээнд эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлийн 76 байгууллага байгаа ажээ. Эдгээр байгууллагын үйл ажиллагааны болон эмнэлгийн тусламж үйлчилгээний статистик мэдээллийг сайжруулах, мэдээлэл солилцох, эргэх холбоог сайжруулахад зөвлөгөөний ач холбогдол оршиж байгаа аж.

   Улсын хэмжээнд “Инээмсэглэл-Эерэг хандлага” уриан дор ЭМЯ-наас тус салбарын удирдах ажилтны зөвлөгөөнийг зохион байгуулж, 2019-2020 онд “Эрүүл мэнд-8/20” зорилтыг хэрэгжүүлж ажиллахаар шийдвэрлэжээ.

    Энэ хүрээнд найман зорилт дэвшүүлсэн байна. Үүнд: эмийн чанар, аюулгүй байдлыг хангах хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагаар иргэд эрүүл мэндийн даатгалаар үйлчлүүлэх боломжийг бүрдүүлэх, жирэмсний хяналт, эх нярайн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, ахмад настны зонхилон хэрэглэдэг эмийн үнийг 80 хүртэл хувиар хөнгөлөх, элэгний Д вирусын эрт илрүүлэг, оношилгоог эрүүл мэндийн даатгалд хамруулах, 2-12 насны хүүхдийн шүдийг эрүүлжүүлэх, хорт хавдрын эрт илрүүлэг, зүрх судасны тогтолцооны өвчний шалтгаант нас баралтыг буруулах зэрэг зорилтыг дэвшүүлжээ.

    

Холбоотой мэдээ