Зохион бүтээгч эмэгтэйчүүд олон улсын үзэсгэлэнд бүтээлтэйгээ оролцож байна

Монголын мэдээ | Нийгэм
192@montsame.mn
2019-06-21 19:28:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын эмэгтэй зохион бүтээгчдийн шинэ бүтээлийн үзэсгэлэн БНСУ-ын Олон улсын үзэсгэлэнгийн “KINTEX” төвд өнөөдөр нээгдлээ.

БНСУ-ын Оюуны өмчийн газар (KWIA), Эмэгтэй зохион бүтээгчдийн холбооноос 12 дахь жилдээ зохион байгуулж буй олон улсын энэ үзэсгэлэнд 29 орны бизнес эрхлэгч 32 эмэгтэй оролцож байна. Манай улсаас “Ганабел институт” цаг төлөвлөлтийн “ХАЖ” дэвтэр, шинэ санааны багц бүтээгдэхүүн, “Хүслийн самбар” зэрэг бүтээлээр,  “Хөвсгөл” сурын холбоо нь оюуны өмчийн патент авсан “Халх сурын уухай” СD, Өвөрхангай аймгийн “Хангайн сор” ХХК сандал, буйдангийн бүрээс зэрэг бүтээгдэхүүнээр оролцож байна. Дээрх байгууллага, компаниуд МҮХАҮТ-ын дэргэдэх Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зөвлөлийн гишүүд бөгөөд тус зөвлөл гишүүдийнхээ бүтээгдэхүүн, үйлчилгээг олон улсад сурталчлан таниулах, гадаад зах зээлд гарах зорилгоор ажиллаж байна.

Үзэсгэлэнг дэмжигч байгууллагаар Дэлхийн оюуны өмчийн газар (WIPO) ажиллаж байгаа юм. Мөн үеэр үзэсгэлэнгээс гадна Эмэгтэй зохион бүтээгчдийн чуулган болон эмэгтэй манлайлагч нарт зориулсан оюуны өмчийн хоёр өдрийн сургалт болно. Үзэсгэлэнд оролцогчдыг шалгаруулан Гран при, “KIWIE”-гийн нэрэмжит шагнал, алт, мөнгө, хүрэл медалиар шагнах аж.

Холбоотой мэдээ