“Хатансүйх Импэкс” ХХК ISO:22000 стандартын гэрчилгээ гардав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2019-06-24 12:13:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Хатансүйх Импэкс” ХХК-д ISO:22000 стандартын гэрчилгээ гардуулах ёслол МХАҮТ-д энэ сарын 21-нд боллоо.


Герман улсад төвтэй Олон улсын стандарт баталгаажилт, аудитын ''TUV Rheinland'' компани нь “Хатансүйх Импэкс” ХХК-д олон улсад мөрдөж буй хүнсний аюулгүй байдлын удирдлагын стандартын шаардлагыг бүрэн хангасан, эрүүл цэвэр орчинд чанартай хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэн гадаад, дотоодын зах зээлд гаргадаг болохыг баталгаажуулж, энэхүү гэрчилгээг гардуулав.


"ISO 22000" стандарт нь хүнсний үйлдвэрийн сүлжээнд оролцож буй түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтээс эхлэн хүнс үйлдвэрлэх, тээвэрлэх, хадгалах гээд хэрэглэгчид  хүртэх бүх үйл ажиллагааг хянадгаараа онцлогтой юм.


“Хатансүйх Импэкс” ХХК 1996 онд байгуулагдсан бөгөөд өдгөө 23 дахь жилдээ Монгол Улсын хүнсний аж үйлдвэрийн салбарт үйл ажиллагаа явуулж байна. Тус компани монгол махны үнэт чанарыг хадгалсан байгалийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэж  “Хиам, махан бүтээгдэхүүн”, “Нөөшилсөн бүтээгдэхүүн”, “Үхэр, адууны яснаас гаргаж авсан коллагенаар баяжмал өтгөрүүлсэн шөл”, “Ясны тос”, “Эдийн саван” зэрэг чиглэлээр үйлдвэрлэл явуулж 60 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг дотоодын хэрэглэгчиддээ хүргэж байгаа юм. Мөн дэлхийн зах зээлд БНХАУ, БНСУ, Вьетнам, Орос, Иран улсад экспортолж байна.


"Хатансүйх Импэкс" ХХК-ийн Чанарын хяналтын менежер Н.Мөнх-Эрдэнэ хэлэхдээ, “Манай компани европ технологиор, монгол ёс заншлыг хослуулан амт, чанар төгс бүтээгдэхүүнийг 23 жилийн турш тасралтгүй үйлдвэрлэхдээ салбартаа олон анхдагчийн эзэн болсон. 2016 оноос үйлдвэрлэлийн үе шатанд хүнсний аюулгүй байдлыг хангах НАССР тогтолцоог нэвтрүүлэн хэрэгжүүлж эхэлсэн юм. Энэхүү тогтолцоог үйлдвэрлэлд нэвтрүүлснээр эрүүл ахуйн шаардлага хангасан орчин нөхцөлд чанартай, аюулгүй, эрүүл хүнсийг үйлдвэрлэх нөхцөлийг бүрдүүлсэн. 2019 онд Олон улсын хүнсний аюулгүй байдлын чанарын удирдлагын тогтолцоо ISO:22000:2005 стандартыг хэрэгжүүлэн баталгаажууллаа. Цаашид дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвартай компани болох зорилт тавин ажиллаж байна” гэв.


Гэрчилгээ гардуулах үеэр тус компани HASU брэндийн бүтээгдэхүүнийг хүрэлцэн ирсэн зочдод танилцуулсан юм. Тухайлбал, “Хатан сүйх топ”, “Тансаг”, “Баялаг”, “Сувилал”, “Монгол” зэрэг чанамал хиам, “Эх нутаг”, “Монгол” утлагатай хиам, Үхрийн ясны өтгөрүүлсэн шөл, “Өег” лаазтай элэгний нухаш, монгол хорхог, хонь, адуу, үхрийн жигнэсэн мах, будаатай жигнэсэн мах, монгол хонины хавирга, кнакер зайдас зэрэг бүтээгдэхүүнээ танилцууллаа.


Мөн энэ үеэр Монголын Хүнсчдийн холбооны шагналаар шилдэг борлуулагч Д.Цэнд, шилдэг менежер Н.Мөнх-Эрдэнэ нарыг шагнаж урамшуулсан юм. 


Холбоотой мэдээ