АСЕМ11 оюутан залуусын оролцоог чухалчилна

ТОЙМ
adiyakhuu@montsame.mn
2016-03-31 18:29:12

Саяхан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, АСЕМ-ын Бэлтгэл ажлын албанаас Монголын их, дээд сургуулиудын захирлуудад хандан АСЕМ-ын Дээд түвшний уулзалт болон дагалдах 9 хурлын үеэр гадаадын зочид төлөөлөгчдөд үйлчлэн туслах ажилд өөрсдийн сургуулийн шилдэг оюутнуудаа сайн дурын үндсэн дээр оролцуулахыг уриаллаа.

Аливаа нийгмийн хөгжлийн салшгүй нэг хэсэг бол олон нийтийн оролцоог хөхиүлэн дэмжих явдал билээ. Тэр тусмаа оюутан залуусын оролцоотой сайн дурын үйл ажиллагаа нь нийгэмд илүү их өгөөж авчирдаг төдийгүй тухайн хүний хувьд өөрийгөө нээн хөгжүүлэх боломжийг олгож байдгаараа онцлог. Ер нь бол, сайн дураараа нийгмийн тусын тулд ажиллана гэдэг бол иргэнийхээ үүргийг биелүүлж, улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулна гэсэн үг. Маш товчхоноор “сайн дурын үйл ажиллагаа” гэдэг үгийн утгыг “чин сэтгэлийн угаас цаг зав, хүч хөдөлмөрөө гарган бусдад тусалж, үүнийхээ төлөө ямар нэгэн шан харамж авдаггүй буянтай ажил” гэж тодорхойлж болно.

“Дуулбал дуу нэг, дугтарвал хүч нэг”, “Сайн санааны үзүүрт тос”, “Дэм дэмэндээ дээс эрчиндээ” гэх зэрэг энгийн атлаа амьдралын утга учрыг ухааруулсан олон сайхан үгийг монголчууд хэлэлцдэг нь ард олон маань эрт дээр үеэс амин хувиа хичээдэггүй, тусархуу хүмүүс байсаар ирснийг харуулдаг. Үүнээс улбаалан бодохуйд, аливаа арга хэмжээ, түүний дотор олон улсын өндөр дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулахад олуулаа сайн дураараа хамтран оролцох нь ажил хариуцсан албаны хэдхэн хүн “сөхөрч унатлаа зүтгэснээс” хавьгүй их үр дүнтэй байх нь ойлгомжтой.

Оюутан залуус маань чухам ямар шалгуурыг давж, ямар ажил үүрэг гүйцэтгэх вэ?

Тодруулваас, Ерөнхий сайдаар ахлуулсан АСЕМ-д бэлтгэх Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнд 6 ажлын хэсэг багтдаг бөгөөд АСЕМ-ын хурлуудын үеэр эдгээр ажлын хэсгүүдийн үйл ажиллагааг тогтвортой, үр дүнтэй явуулахад 1200-1500 сайн дурын ажилтан шаардлагатай боллоо. Тэд зочдыг тосох, бүртгэх, зочид буудалд ажиллах, орчуулга хийх, хурлын тэмдэглэл хөтлөх, сэтгүүлчдэд туслах зочид төлөөлөгчид нийслэлээр аялах үед нь дагалдан хэлмэрчлэх зэрэг 12 төрлийн ажлыг гүйцэтгэх юм.

АСЕМ-ын Ажлын албаны зүгээс сайн дурын ажилтан-оюутнуудад тавьж буй шалгуурууд маш тодорхой. Сайн дурын ажлын үнэт зарчмыг ойлгож, сайн дураар ажиллах хүсэл эрмэлзэлтэй байх, гадаад хэлний зохих түвшний мэдлэгтэй, суралцаж буй мэргэжлээрээ дадлага чадвар эзэмших хүсэлтэй, бие бялдрын хувьд эрүүл, ёс суртахуун, сахилга батыг чанд сахидаг, багаар ажиллах чадвартай, нийслэл Улаанбаатар хотынхоо талаар тодорхой хэмжээний мэдлэгтэй байхаас гадна гэр бүлийнхэн нь сайн дурын ажилд оролцохыг зөвшөөрсөн тохиолдолд тухайн оюутан сайн дурынхны эгнээнд багтах бүрэн боломжтой. 

АСЕМ11-ийг зохион байгуулахад туслах дээрх 1500 орчим сайн дурын ажилтнуудад зориулж сургалт семинар явуулах ажлыг хариуцсан штаб Монголын Хүүхдийн ордонд байрлах бөгөөд энэ ажилд НҮБ-ын мэргэжилтнүүдийн туслалцааг авахаар тохиролцсон байна. 

АСЕМ-ын Сайн дурын ажилд оролцсоны төлөө оюутнуудад ямар нэгэн цалин хөлс, шан харамж олгохгүй боловч оролцсон хүн бүрт өврийн дэвтэр нээж, хийсэн ажлыг нь тэмдэглэн баталгаажуулна. Энэ нь нэгэн төрлийн хөдөлмөрийн дэвтэртэй адилтгаж болох чухал баримт бичиг юм. Үүнийг онцлохын учир нь, аливаа байгууллагын хүний нөөцийн ажилтан ажилд шалгаруулан авах ярилцлагын үеэр тухайн дэвтэр дэх тэмдэглэлийг анхааралтай уншиж, ямар чиглэлээр сайн дурын ажил хийж байсан гэдгийг нь шинэхэн төгсөгчдөөс онцгойлон тодруулдаг нь уламжлал болон хэвшжээ. Ийм учраас волонтёроор /voluntaries –лат./ ажилласан тухай үүх түүх бол оюутан залуусын хувьд ирээдүйд ажилд ороход нь давуу тал болно.

Сайн дурын үйл ажиллагаанд оролцох нь оюутан Танд өөр бусад ямар үр өгөөж авчрах вэ гэдэг талаар товчхон дурдая.

Юуны өмнө, сургуулийн зүгээс сайн дурын ажилд оролцсон оюутны кредит цагийг тооцох боломжтой.

Түүнчлэн сайн дурын ажилд оролцох явцдаа олж авсан мэдээлэл, ажлын удирдамж болон бусад материалыг цаашдын хичээл болон дадлагын ажилдаа ашиглаж болно.

Цааш нь дурдвал:

-Англи хэлний болон бусад гадаад хэлний мэдлэгээ дээшлүүлэх

-Шинэ найз нөхөдтэй болох, бусадтай ажил хэргийн холбоо тогтоох

-Хувь хүний хувьд хөгжиж дэвших

-Бусдад тусалсандаа сэтгэл хангалуун байхаас гадна өөртөө илүү итгэлтэй болох

- Дараа дараагийн олон улсын арга хэмжээнд оролцох боломж нээгдэх

- Оролцсон бүх сайн дурынханд батламж гардуулснаар таны хийсэн ажил баталгаажих гэх зэрэг олон давуу тал бий.

Дэлхий дахинд, ялангуяа өндөр хөгжилтэй орнуудад сайн дурынхан гэдэг бол нийгэмдээ маш нэр хүндтэй, ажилдаа өөриймсөг ханддаг, мэргэжилдээ гаршсан, зарчимч, ажил хэрэгч хүмүүс байдаг. Тэд бол гамшиг зовлон тохиолдсон ч, баяр ёслол болох үед ч, олон улсын хурал зөвлөгөөн, спортын тоглолт наадам зохион байгуулах үед ч ард иргэд, гадаадын зочид төлөөлөгчид, тамирчид, жуулчдад туслахад хэзээд бэлэн байдаг нийгмийн асар их идэвхтэй иргэд юм.                                                                                                                                

Сайн дурын үйл ажиллагааг хөхиүлэн дэмжих замаар хүний нөөцийг оновчтой зохион байгуулж, бүрэн дүүрэн ашиглах нь улс орны хөгжлийг түргэсэхэд томоохон түлхэц болдог гэдгийг барууны орнууд соргогоор мэдэрч, бодлогын түвшинд анхаарсаар иржээ.

Тийм учраас сайн дурынхны хүчин зүтгэл, сайхан сэтгэлийг эдгээр орнуудын төр засаг өндрөөр үнэлж, сэтгэл санаагаар байнга дэмжин урамшуулж байдаг. Жишээ дурдахад, АНУ-д гэхэд The President's Volunteer Service Award гэх Ерөнхийлөгчийн шагналаас эхлээд нийтдээ 12 төрлийн шагнал бий болгожээ.

Европын Холбооны хувьд The European Employee Volunteering Awards гэдэг шагналыг санаачилж, сайн дурынханд ажлын дадлага олгон, ирээдүйд ажилтай болоход нь тэдэнд хамгийн ихээр дэмжлэг үзүүлсэн  Европын компаниудад олгодог байна. Си-Эн-Эн агентлаг гэхэд CNN Heroes гэдэг шагналаа жил тутам гардуулдаг. Түүнээс гадна, НҮБ-аас UNV Online Volunteering Award гэдэг шагналыг 2000 оноос олгож эхэлсэн бөгөөд Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх үйл хэрэгт интернэтийн сүлжээ ашиглан ихээхэн хувь нэмэр оруулсан сайн дурынхны онлайн багуудад гардуулж байжээ. Дашрамд дурдахад, жил бүр НҮБ-ын сайн дурынхан 150 гаруй оронд очиж ажилладаг аж.

Цааш нь тодруулваас, англичуудын 50 хувь нь сайн дурын үйл ажиллагаанд жил бүр оролцдог ба тэднийг 12 төрлийн шагналаар урамшуулдаг гэнэ. Канадын 15-аас дээш насны хүн амын 88 хувь буюу 21 сая иргэн жилдээ 1 тэрбум гаруй цагийн ажлыг сайн дураар хийдэг байна. Төв Африкийн орнуудад эбола гэдэг вирусын халдвар тархах үед тэнд ажиллаж байсан эмч, сувилагчдын 80 хувь сайн дурынхан байсан гэх мэт олон жишээг дурдаж болно. Ер нь бол, сайн дурын үйл ажиллагаанд 1 доллар зарцуулахад цаана нь 50 долларын ажил хийгдэж байдаг гэсэн эдийн засгийн тодорхой тооцоо ч бий.

Спортын салбарт сайн дурынхны үүрэг оролцоо асар өргөн гэдгийг хүн бүр мэднэ. Тэд 1896 оны Афины тоглолтоос эхлэн Олимпийн наадмуудыг зохион байгуулахад оролцсоор иржээ. Гэхдээ олимпийн сайн дурын үйл ажиллагааны орчин цагийн хэв маяг нь Лейк-Плэсидийн Олимпоос Барселоны Олимп хүртэлх /1984-1992/ хугацаанд бүрэлдэн тогтсон гэж үздэг. Тэгээд ч 1992 оны Барселоны Олимпийн үеэр ОУОХ-ны Ерөнхийлөгч асан Х.А.Самаранч илтгэл тавихдаа “олимпийн сайн дурынхан” гэдэг үгийг анх дурдаж байжээ.                           

Өнөөдөр уралдаан тэмцээнийг зохион байгуулах, Олимпийн тосгонд тамирчдад үйлчлэх, тэдний ая тухыг хангах, чөлөөт цагийг нь сонирхолтой байдлаар өнгөрүүлэх, соёлын солилцооны арга хэмжээ явуулах зэрэг ажлыг сайн дурынхны хүч оролцоогүйгээр хийнэ гэдэг бол өнөө цагт үнэндээ төсөөлөхийн аргагүй. 

Жишээ татахад, 2008 оны Бээжингийн Олимпийн үеэр сайн дурынхны оролцоог “төгс байдлаар хангасан” туршлагыг Ванкувер, Лондон, Сочи-гийн наадмуудад амжилттай судлан хэрэгжүүлжээ. Бээжинд 70 мянган сайн дурынхан Олимпийн тоглолт, 30 мянган хүн Паралимпийн тоглолтын үеэр ажиллаж рекорд амжилт тогтоосон байна. Эдгээр 100 мянган сайн дурынхан бол өргөдөл гаргасан нийт 1,2 сая гаруй иргэдээс шигшигдсэн хүмүүс юм.

Сайн дурынхны өгөөмөр сэтгэлийг бахархан дурсаж байхын тулд 1985 онд НҮБ-аас улс орнуудын засгийн газруудад хандан жил бүрийн 12 дугаар сарын 5-ны өдрийг Дэлхийн сайн дурынхны өдөр болгон тэмдэглэхийг уриалжээ. Тус байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Кофи Аннан хэлэхдээ “тэд бүгдээрээ бусадтай хуваалцана гэдэг зарчмыг баримталдаг, шинэ мэдлэг, шинэ харилцаа, шинэ хүчийг бий болгодог асар том хүч” гэж сайн дурынхныг үнэлсэн байдаг.

Манай улсад ч мөн адил сүүлийн жилүүдэд сайн дурынхны хөдөлгөөн алгуур боловч өргөжсөөр байна. Судалгаанаас харахад, Монголд 22 мянган сайн дурынхан /хүн амын 0,73 хувь?/ эрүүл мэнд, боловсрол, хүрээлэн буй орчин, хүмүүнлэгийн  салбарт ажиллаж, сард 2,4 тэрбум төгрөгийн эдийн засгийн үр өгөөжийг улс нийгэмдээ авчирдаг байна. Тэгэхээр одоо сайн дурынхны эгнээг улам өргөжүүлж, тэднийг төрийн бодлогоор дэмжих, үйл ажиллагааг нь нэгдсэн зохицуулалтад оруулах цаг нэгэнт болжээ.

                                                                                                                             Б.Адъяахүү 

 

Холбоотой мэдээ