В.Путин хариу хориг арга хэмжээний хугацааг сунгажээ

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2019-06-25 10:00:03

МОСКВА. /TASS/. ОХУ-д хориг тавьсан улс орнуудын эсрэг авсан эдийн засгийн тусгай хориг арга хэмжээний хугацааг тус улсын Ерөнхийлөгч Владимир Путин 2020 оны 12 дугаар сарын 31 хүртэл сунгах тухай зарлигт гарын үсэг зуржээ. Холбогдох баримт бичгийг хууль, эрх зүйн мэдээллийн албан ёсны цахим хуудсанд нийтэлсэн байна.


Энэхүү шийдвэрийг хэрэгжүүлэх боломж нөхцөлөөр хангахыг ОХУ-ын Засгийн газарт үүрэг болгожээ. Түүнчлэн шаардлагатай гэж үзвэл хариу хориг арга хэмжээний хүчинтэй хугацааг өөрчлөх талаар санал гаргаж болох аж.


Украинд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Европын холбоо болон АНУ, Канад, Австрали, Япон, Швейцар, Шинэ Зеланд, Исланд зэрэг хэд хэдэн улс 2014 оны гуравдугаар сард ОХУ-д хориг арга хэмжээ авч эхэлсэн юм. Үүний хариуд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин 2014 оны наймдугаар сарын 6-нд "ОХУ-ын аюулгүй байдлыг хангах үүднээс эдийн засгийн зарим тусгай арга хэмжээ хэрэглэх тухай" зарлигт гарын үсэг зурсан байна. Оросын Засгийн газар дараагийн өдрөөс нь уг баримт бичигт үндэслэн АНУ, ЕХ, Норвеги, Австрали, Канад улсаас хүнсний зарим бүтээгдэхүүн импортлохыг хоригложээ.


ЕХ-ны орнууд 2015 оны зургадугаар сарын 22-нд ОХУ-д авсан хориг арга хэмжээний хугацааг сунгасны дараа В.Путин зарлигийнхаа хугацааг дахин нэг жилээр сунгасан байна. Дараа нь хоёр ч удаа сунгасан бөгөөд хамгийн сүүлд 2018 оны долдугаар сараас 12-ны өдрөөс 2019 оныг дуустал сунгажээ. 


Холбоотой мэдээ