Шударга ёсыг сахиж, авлигыг үл тэвчихийг уриаллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
ariunbold@montsame.gov.mn
2019-06-25 14:06:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. АТГ-ын дэргэдэх Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэсэгт энэ сарын байдлаар иргэн аж ахуйн нэгж байгууллагаас ирүүлсэн авлига, ашиг сонирхлын зѳрчилтэй холбоотой 94 гомдол мэдээллийг хүлээн авч хянан шийдвэрлэжээ.


Энэ талаар АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү, Судалгаа шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Ц.Шинэбаяр нар мэдээлэв.


Мөн АТГ-аас төрийн албанд хувийн ашиг сонирхлын зѳрчлѳѳс урьдчилан сэргийлэх талаар хуульд заасан зохицуулалтыг зөрчсөн 4 эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцуулжээ.


Тус газрын Мөрдөн шалгах хэлтэст хүлээн авч шалгасан 68 гомдлын 48 буюу 70.6 хувийг Улаанбаатар, 20 буюу 29.4 хувийг орон нутгийн харьяаллын гомдол эзэлж байгаа аж. Тодруулбал, Мөрдөн шалгах хэлтэс энэ оны зургаадугаар сард 503 хэргийг мөрдсөнөөс 21-ийг нь шүүхэд шилжүүлэх, 57-г нь хаах саналтайгаар прокурорт хүргүүлжээ. Мөн 9 хэргийг харьяаллын дагуу шилжүүлж, одоо 416 эрүүгийн хэргийг үргэлжлүүлэн мөрдөж байна.


Түүнчлэн АТГ-аас авлига, хувийн ашиг сонирхлын зөрчлийг бууруулах зорилгоор шударга ёс, авлигыг үл тэвчих үзлийг төлөвшүүлэх ажлыг БСШУСЯ-тай хамтран хэрэгжүүлж эхэлжээ. АТГ, БСШУСЯ хамтран боловсрол, соёл урлаг, спортын салбарынханд соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулахыг уриалсан байна. Уриалгыг Сонгинохайрхан дүүргийн төрийн өмчит 26 сургууль, 48 цэцэрлэг, Хан-Уул дүүргийн 18 сургууль, 29 цэцэрлэгийн эрхлэгч дэмжин ажиллаж байна.


АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү, “Багш, сурган хүмүүжүүлэгч хүмүүс нийгэмд соёл, шударга ёсыг түгээгч байж, эргэн тойрондоо зөв үлгэр дуурайл үзүүлдэг байх ёстой. Бусад байгууллага, хамт олныг ч энэхүү уриалгад нэгдэн хүн бүр, иргэн бүр соён гэгээрүүлэгч байж, нийгмийн буруу хандлага, сэтгэлгээг өөрчлөх ажлыг дор бүрнээ хийхийг уриалж байна” гэв.


Б. Одгэрэл

Холбоотой мэдээ