“Falcon Heavy” пуужингаар хиймэл дагуулууд хөөргөжээ

Дэлхийд | Шинжлэх ухаан
Jargal.d@montsame.mn
2019-06-26 12:28:47

НЬЮ-ЙОРК. /TASS/. Америкийн “SpaceX” компани “Falcon Heavy” зөөгч пуужингаар 24 хиймэл дагуул, судалгааны лаборатори, атомын цагийг сансарт хөөргөжээ.


Уг зөөгч пуужинг АНУ-ын зүүн эргийн цагаар мягмар гарагт 02 цаг 30 минутад Флорида муж улсын Канавералын хошууны сансрын буудлаас хөөргөсөн байна. 3.7 тонн жинтэй ачааг АНУ-ын Батлан хамгаалах яам, Далай тэнгис, агаар мандал судлалын үндэсний төв болон НАСА-гийн судалгааны лабораториудад бэлтгэжээ.


“Falcon Heavy” зөөгч пуужингаар агаар мандал дахь радио дохиоллын тархалтын нөхцөлийг судлах DSX лаборатори, сансрын аппаратуудын хөдөлгөөнийг сансрын орон зайд жолоодох зориулалттай “нарны далбааг” ашиглах боломжтой эсэхийг тодруулах төхөөрөмж, дэлхийн уур амьсгал болон агаар мандлын ионжсон бүсийг судлах хиймэл дагуулуудыг /COSMIC-2/, мөн НАСА-гийн мэргэжилтнүүдийн бүтээсэн атомын цагийг хөөргөжээ. “STP-2” гэж нэрлэсэн ажиллагааны хүрээнд 24 хиймэл дагуулыг гурван төрлийн тойрог замд байрлуулах юм. 


“Falcon Heavy” нь хоёр угсраа хэсэгтэй хэт хүнд ангиллын зөөгч пуужин юм. Уг зөөгч пуужинг “Falcon 9” зөөгч пуужин дээр суурилан бүтээсэн бөгөөд нийтдээ 27 хөдөлгүүртэй. “Falcon Heavy”-гаар  64 хүртэл тонн ачааг сансарт хөөргөх боломжтой ажээ.


Холбоотой мэдээ