Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг тусгай сургуульд сургаж, нийгмээс ялгах шаардлагагүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2019-06-26 18:39:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгэмд бие даан амьдрах чадварыг дэмжих зорилготой “Try Mongolian 2019” нөлөөллийн аялал нь энэ сарын 16-26-нд боллоо.


Тус аяллыг  5 дахь удаагаа зохиож байгаа бөгөөд 42 сайн дурын оюутан залуу Дорнод, Сүхбаатар аймаг болон Багануур хотоор аялжээ. Аяллын явцад 13 аймгийг төлөөлж буй иргэд төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд, олон нийтэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бие даан амьдрах эрх, хувийн туслах үйлчилгээ, хүн бүрт хүртээмжтэй орчин, боловсролд тэгш хамруулах зэрэг асуудлыг хөндөж, түүний хэрэгцээ шаардлагыг таниулах, уриалах ажлыг зохион байгуулжээ.


“Try Mongolian 2019” нөлөөллийн аяллыг зохион байгуулсан, багийн ахлах Мөнхцэцэг, “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг заавал тусгай сургуульд сургаж, нийгмээс ялгах шаардлагагүй. Энгийн хүүхдүүдийн сурдаг Ерөнхий боловсролын сургуульд сургах боломжоор төр засаг хангаж өгөх хэрэгтэй байна. Монголд хөгжлийн бэрхшээлтэй ч энгийн сургуульд сурсан 10 гаруй хүүхэд бий. Тэднийг тусгай сургуульд сурсан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй харьцуулахад харьцангуй давуу байдаг ба нийгэмтэйгээ харьцах чадвартай болсон байдаг” гэлээ.


Мөн “Try Mongolian 2019” нөлөөллийн аялалд оролцсон иргэд, “Хѳгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн асран хамгаалагч эцэг эхчүүд хүүхдийнхээ ѳвчин зовлонд л түлхүү анхаарч хувь хүний хѳгжлийн асуудал, нийгэмтэй хэрхэн харьцах тухайг нь орхигдуулдаг" хэмээж байв.


Түүнчлэн уг аяллыг Европын холбоо, АИФО олон улсын байгууллага, Тэгш Нийгэм Холбоо ТББ, Түгээмэл хөгжил төв, Монголын Бие Даан амьдрах төвүүдийн үндэсний холбоо зэрэг байгууллага дэмжин ажиллажээ.

Б. Одгэрэл

Холбоотой мэдээ