“Boeing 737 Max” онгоцноос дахин доголдол илэрчээ

Дэлхийд | Эдийн Засаг
khulan@montsame.gov.mn
2019-06-27 12:39:46

ВАШИНГТОН. /Financial Times/. АНУ-ын нисэх онгоц үйлдвэрлэгч “Boeing” компанийн “737 Max” загварын нисэх онгоцноос дахин доголдол илэрсэн талаар тус улсын Иргэний нисэхийн удирдах газраас /FAA/ мэдээлжээ.


"Нислэгийн туршилтуудыг явуулах үеэр “болзошгүй эрсдэл” илрүүлсэн" гэж “FAA” мэдээлсэн хэдий ч үүнээс өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.


Boeing” компанийн хамгийн өндөр борлуулалттай “737 Max” загварын хоёр нисэх онгоц хэдхэн сарын зайтай осолдсонтой холбогдуулан уг онгоцны нислэгийг дэлхий даяар зогсоогоод байгаа юм. Компанийн мэргэжилтнүүд нисэх онгоцны шүүмжлэл дагуулаад буй программыг шинэчилж байгаа билээ.


737 Max” онгоцонд хийсэн шинэчлэлтийг зургадугаар сарын сүүлээр баталж, долдугаар сарын эхээр туршилтын нислэг үйлдэхийг зөвшөөрнө гэж “FAA” өнгөрсөн тавдугаар сард мэдэгдсэн юм. Энэхүү мэдээлэлтэй холбоотойгоор “737 Max”-ын нислэгийг энэ зундаа багтаан сэргээнэ хэмээн агаарын тээврийн компаниуд найдаж байжээ.


Харин сүүлд гарсан мэдээллээс үзэхэд “737 Max” онгоцоор нислэг үйлдэж эхлэх хугацаа улам хойшлох төлөвтэй байна. 

Холбоотой мэдээ