Дулааны станцад тэсрэх бодис илэрсэн тохиолдлын үзүүлэх сургууль болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-06-28 18:08:13
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  “Дулааны цахилгаан станцад тэсэрч дэлбэрэх бодис илэрсэн, дэлбэрэлт болсон үеийн үйл ажиллагаа” сэдэвт команд штабын үзүүлэх сургууль Дулааны цахилгаан станц-3 ТӨХК-ийн байрлалд өнөөдөр  боллоо. 


Энэхүү сургууль нь улсын онц чухал объектын хамгаалалтыг сайжруулах, алба хаагчдын мэргэжил ур чадварыг дээшлүүлэх, Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилготой юм. Цахилгаан станцад тэсэрч дэлбэрэх бодис илэрсэн, дэлбэрэлт болсон үед талууд хэрхэн ажиллах талаарх команд-штабын сургуулийг Дотоодын цэргийн байгууллагаас 3 үе шаттай зохион байгууллаа.



Сургуульд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын алба, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Дотоодын цэргийн штаб, Дулааны цахилгаан станц-3 ТӨХК, Үндэсний аврах бригад, Зэвсэгт хүчний жанжин штаб, Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн түргэн тусламжийн төв, Зэвсэгт хүчний 084 дүгээр анги зэрэг байгууллага оролцсон. 



Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын томилгоот бүлгийн харилцан хамтын ажиллагаа, гүйцэтгэх үүргийг тодорхойлж, тавьсан зорилгоо биелүүлсэн үр дүнтэй ажил боллоо хэмээн оролцогч байгууллагууд дүгнэсэн юм.

Холбоотой мэдээ