Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг орон даяар танилцуулсан долоо хоног

ТОЙМ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-06-30 12:47:27
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төрийн дээд хэмжээний айлчлалаар эхэлж, УИХ-ын гишүүд тойрогтоо Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг танилцуулж, уг хуулийн төсөлд тусгах иргэдийн саналыг авснаар Монголын улс төрийн нэгэн долоо хоног одлоо. Улс төрийн шинэ нам ч мэндэлж, улсын бүртгэлд нэрээ сийрүүлээд амжив. Энэ долоо хоногт Ерөнхийлөгчийн зарлигаар нэр бүхий 17 шүүгчийг бүрэн эрхээс нь түдгэлзүүлсэн бөгөөд УИХ-ын нэр бүхий таван гишүүнээс мөн найман шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналаа ҮАБЗ-д хүргүүлсэн нь олны анхаарлыг татаж байв. Ингээд энэ долоо хоногт Монголын улс төрд өрнөсөн онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна.


ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ ОРОН ДАЯАР ТАНИЛЦУУЛАВ 



УИХ-ын чуулганы энэ сарын 18-ны хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн 98.4 хувь нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг дэмжсэн юм. 


Үүнтэй холбогдуулан хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын баг байгуулж, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшингээр ахлуулснаар чуулганыг түр завсарлуулсан. Хоёр дахь хэлэлцүүлгийн хоорондын завсрын үе буюу энэ долоо хоногт орон даяар Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг танилцуулах, тус төсөлд иргэдийн саналыг авах ажлыг өрнүүлсэн юм. Ингэхдээ УИХ-ын гишүүд тус тусынхаа тойргийн иргэдтэй уулзах замаар дээрх ажлыг гүйцэтгэв.  Энэ ажлыг УИХ-ын Тамгын газраас дэмжин, УИХ-ын гишүүдтэй Хууль эрх зүйн хэлтсийн ажилтнууд болон Үндсэн хуулиар мэргэшсэн эрдэмтэн судлаачид хамтран ажиллаж, иргэдийн асуултад хариулж байлаа. Тухайлбал, УИХ-ын дарга Г.Занданшатар нийслэлийн иргэдтэй энэ сарын 24-нд Тусгаар тогтнолын ордноо уулзаж, Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг танилцуулсан. 



Энэ үеэр тэрбээр, "1992 оны Үндсэн хууль нь шилжилтийн үүргээ сайн гүйцэтгэсэн. Нийгэм, эдийн засгийн өөрчлөлтийг дагаад хуульд зарим зохицуулалтыг нэмэх, өөрчлөх шаардлагатай цаг нь болсон байна. Энэхүү өөрчлөлтийн төсөлд УИХ "долоо хэмжиж, нэг огтлох" зарчмаар хандсан" гэдгийг танилцуулгадаа цохон тэмдэглэв.


Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа, “дордуулсан” гэх долоон өөрчлөлтийг засаж, нийгмийн баялгийн тэгш хуваарилалт, байгалийн баялагтаа ард түмэн эзэн байх зарчмыг тусгасныг УИХ-ын дарга танилцуулгадаа онцолсон. Түүнчлэн хуулийн өөрчлөлт нь Засаглалын тэнцвэртэй байдлыг хангаж, гүйцэтгэх засаглалын тогтвортой байдал, парламентын хариуцлагыг нэмэгдүүлэх ач холбогдолтойг дурдсан. Тэрбээр төслийн талаар иргэдийн саналыг сонссон юм.



Тухайлбал, Баянгол дүүргийн иргэн н.Сандаг, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт нь яах аргагүй нийгмийн захиалга гэдгийг тодотгоод, зарим саналыг хэлсэн. Тэрээр "Үндсэн хуулийн өөрчлөлт нь байгалийн баялгийн өгөөжийг иргэдэд хүртээмжтэй байлгах үндсэн зарчмыг бүрдүүлсэн нь ач холбогдолтой байна. Мөн УИХ, Засгийн газрыг илүү хариуцлагатай болгох зохицуулалт түлхүү орсныг дэмжиж байна. Харин намын санхүүжилтийг төрөөс хариуцахыг дэмжихгүй байна. Цөөн хүн амтай манай улсад хэтэрхий олон улс төрийн нам байна. Ажилладаг эсэх нь мэдэгддэггүй. Тиймээс нам байгуулах шалгуурыг өндөрсгөх хэрэгтэй" гэв.


УИХ-ын гишүүд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар 16 мянга 310 иргэний саналыг авчээ. 


УИХ-ын Тамгын газрын Захиргаа, аж ахуйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга П.Цэрэнгээр ахлуулсан дэд ажлын баг энэ сарын 25-нд хуралдаж, иргэд, олон нийтээс ирүүлсэн санал, дүгнэлтийг нэгтгэх ажлыг зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Ийнхүү УИХ-ын Тамгын газрын ажилтнууд иргэдээс ирүүлсэн санал, дүгнэлтийг энэ долоо хоногт нэгтгэсэн байна. Түүнчлэн санал, дүгнэлтийг  “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий” ажлын багт энэ сарын 28-нд хүлээлгэн өгсөн.


УИХ дахь МАН энэ пүрэв гарагт хуралдаж, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар иргэдээс ирсэн саналыг нэгтгэн хэлэлцэж, гишүүд байр сууриа нэгтгэн, улмаар хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг баасан гарагаас эхлүүлэх төлөвлөгөөтэй байсан. Гэвч гишүүдийн албан томилолт дуусаагүй байгаатай холбогдуулан Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг ирэх долоо хоногийн мягмар гарагаас хэлэлцэхээр шийдвэрлэсэн.

 

 ШВЕЙЦАРЫН ПАРЛАМЕНТЫН ДАРГА АЙЛЧЛАВ



УИХ-ын дарга Г.Занданшатарын урилгаар Швейцарын Холбооны Улсын Үндэсний зөвлөл (парламент)-ийн дарга Марина Кароббио Гүшэтти энэ сарын 23-26-нд манай улсад албан ёсоор айлчиллаа. Айлчлалын хүрээнд хоёр улсын парламентын дарга нар энэ сарын 24-нд Төрийн ордноо албан ёсны хэлэлцээ хийсэн юм. 



Уулзалтын үеэр талууд Швейцар улсаас Монгол Улсын хөдөө аж ахуйн салбар, тэр дундаа бэлчээрийн аж ахуй, малчдын амьжиргааг сайжруулах чиглэлд зориулж буй төсөл хөтөлбөрөөс үр дүн, бодит ахиц гарсныг тэмдэглэв. УИХ-ын дарга Г.Занданшатар Швейцарын парламентын даргаас тэдгээр төсөл хөтөлбөрөө 2020-2022 оны тусламжийн стратегидаа тусгаж, цааш үргэлжлүүлэхийг хүссэн. Мөн талууд хоёр улсын их, дээд сургуулийн хамтын ажиллагаа, эрдэм шинжилгээний судалгаа, инновацыг хөгжүүлэхээс гадна аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх өргөн боломжийн талаар ярилцсан. Түүнчлэн Монгол Улсад Швейцар улсын Элчин сайдын яамыг байгуулах асуудлыг харилцан судалж, шийдвэрлэх талаас анхаарч ажиллахаа тохиров.



Хатагтай М.К.Гүшетти, Швейцар улс Монголд бэлчээрийн тогтвортой менежементийг хэрэгжүүлж, малчдын амьжиргааг дээшлүүлэх чиглэлээр ажиллаж байна. Ажлын туршлага, судалгаанаас “Бэлчээрийн тухай” хууль батлан хэрэгжүүлэх нь чухал гэсэн дүгнэлт гарсныг тодотгоод, Монголын парламент үүнд анхаарч ажиллана гэдэгт итгэлтэй байгаа гэдгээ илэрхийлсэн. 

Мөн тэрээр хоёр улсын парламентын Тамгын газар хоорондын хамтын ажиллагаа өргөжиж буйг сайшааж, цаашид мэргэжлийн түвшинд харилцан туршлага солилцож, дээд түвшний айлчлалыг тогтмол үргэлжлүүлнэ гэдэг итгэлтэй байгаагаа цохон тэмдэглэж байлаа.


Уулзалтын дараа хатагтай Гүшэтти Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхсан. Энэ үеэр, Монгол-Швейцарын худалдааны эргэлт 16 сая ам.доллар байгаа нь чамлалттай хэмээн талууд дүгнэж, эдийн засгийн харилцааг өргөжүүлэхэд улс төр болон хууль эрхзүйн тогтвортой орчин чухал гэдгийг онцлон тэмдэглэв.



Эдийг засгийн харилцааг өргөжүүлэх боломжтой олон салбар байгаагийн дотор Монголын аялал жуулчлалын салбарын нөөц бололцоог бүрэн дүүрэн ашиглах, үүнд Швейцараас менежмэнтийн шинэ арга барил нутагшуулах боломжтойг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга илэрхийлсэн юм. Мөн хатагтай Гүшэтти, Швейцарын аялал жуулчлалын агентлаг энэ салбарт Монгол Улстай хамтран ажиллах сонирхлоо илэрхийлсэн бөгөөд хоёр улсын аялал жуулчлалын салбарын харилцаа, хамтын ажиллагааг өөдрөгөөр төсөөлж байгаа хэмээв.


Түүнчлэн уулзалтаар талууд сэргээгдэх эрчим хүчний салбарт хэрэгжүүлж буй төсөл, санаачилгын хүрээнд санал солилцож, энэ чиглэлд хоёр улсын хамтын ажиллагааг дараагийн шатанд гаргах боломжтой гэдэгт санал нэгдэв. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Швейцарын Холбооны Улсаас Монгол Улсад суух Элчин сайдын яамыг Улаанбаатар хотод нээх асуудлыг хөндөж, тус улсын Ерөнхийлөгч Уэли Маурерыг боломжтой үедээ Монгол Улсад айлчлахыг урьсан юм.


Швейцарын Холбооны Улсын Үндэсний зөвлөлийн тэргүүн, хатагтай Марина Кароббио Күшетти Монгол Улсын Ерөнхийлөгчид бараалхасны дараа Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатартай уулзсан. Түүнчлэн энэ сарын 25-нд Новотел зочид буудлын танхимд болсон “Эмэгтэйчүүдийн манлайлал” олон улсын чуулганд оролцсоноор түүний энэ удаагийн Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлал өндөрлөсөн юм.


УЛС ТӨРИЙН 33 ДАХЬ НАМЫГ БҮРТГЭВ



Монгол шинэчлэлт намыг улсад бүртгүүлэх Н.Жамсран нарын хүсэлтийг Улсын дээд шүүх энэ сарын 26-нд хэлэлцэж, тус намыг улсын бүртгэлд 33 дахь намаар бүртгэж, гэрчилгээ олгохоор шийдвэрлэсэн. 


Хэлэлцүүлгээр, хүсэлт гаргагчаас ирүүлсэн баримт болон намын дүрэм, мөрийн хөтөлбөр нь Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нийцсэн гэж Дээд шүүх үзжээ.  


Ингэснээр, Монгол шинэчлэлт нам Монгол Улсад улс төрийн ажил явуулах эрхтэй болж байгаа бөгөөд Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль болон бусад хуульд нийцүүлж ажиллахыг Дээд шүүхээс тус намд даалгасан юм.


17 ШҮҮГЧИЙН БҮРЭН ЭРХИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ ЗАРЛИГ ГАРГАВ


Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын 27-нд нэр бүхий 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх зарлиг гаргав. Ерөнхийлөгчийн зарлигт "Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.8 дахь заалт, Шүүхийн ерөнхий зөвлөлийн энэ сарын 26-ны саналыг тус тус үндэслэсэн" тухай бичжээ.



Энэ талаар ШЕЗ-ийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга О.Амгаланбаатараас тодруулахад, "Үндэсний аюулгүй байдлын зөвлөл энэ сарын 26-нд хуралдаж нэр бүхий 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх зөвлөмж гарган ШЕЗ-д ирүүлсэн. Улмаар ШЕЗ хуралдаж, уг зөвлөмжийн дагуу дээрх нэр бүхий шүүгчдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр тогтож, тогтоол гарган хүргүүлсэн. Ерөнхийлөгчийн зөвлөмж болон холбогдох материалыг нууцын зэрэглэлтэйгээр ШЕЗ-д ирүүлсэн. Үүнтэй холбоотойгоор ШЕЗ-ийн хуралдааныг хаалттай горимоор явуулсан. Иймд шүүгч нарын бүрэн эрхийг түдгэлзүүлсэн үндэслэлийг тайлбарлах хуулийн боломж байхгүй" гэсэн юм. 



Харин УИХ-ын гишүүн Ж.Батзандан энэ сарын 28-нд сэтгүүлчдэд мэдээлэх үеэрээ, "Тэдгээр шүүгчийг авлига авсан гэх мэдээлэл ирж байгаа" хэмээн ярьж байлаа.  Тэрбээр, “Шүүхийн ерөнхий зөвлөл /ШЕЗ/-тэй холбогдоход дээрх 17 шүүгчийг гэм буруутайд тооцсоны дараа Ерөнхийлөгч зарлиг гаргаж чөлөөлнө гэсэн мэдээлэл өгсөн. Одоогоор тэдгээр 17 шүүгчийн зөвхөн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн. Хэрвээ шүүхээс зарим нэг нь гэм буруугүй гэсэн шийдвэр гарвал эргээд ажилдаа томилогдоно” гэв.


Эдгээрээс гадна нэр бүхий найман шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналаа УИХ-ын таван гишүүнээс ҮАБЗ-д өгсөн тухай тэрбээр хэлсэн. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч Х.Идэр, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүгч М.Алдар, С.Соёмбо-Эрдэнэ, Улсын дээд шүүхийн шүүгч Д.Эрдэнэбалсүрэн, Б.Цогт, Ц.Зориг, Ч.Хосбаяр, М.Батсуурь гэсэн найман хүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал гаргасан аж.


УИХ-ын гишүүн Ж.Батзандан цааш нь хэлэхдээ, “Эдгээр шүүгчийн талаар УИХ-д гомдол их ирсэн. Бүлэглэлийн талд ажиллаж байгаа тэдгээр шүүгч байгаа цагт шударга ёс тогтохгүй гэж иргэд үзэж байна. Эрүүдэн шүүх замаар нотлох баримт цуглуулахыг Эрүүгийн хуулиар хориглодог. Мөн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр эрүүдэн шүүсэн эсэхийг шийдвэрлэдэг. Гэвч Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар урьдчилсан хэлэлцүүлгээр “биднийг тамлан зовоож, хэрэг хүлээлгэх ажиллагаа хийсэн” гэж мэдүүлсэн ч дээрх шүүгч нар хэргийг гурван шатны шүүхээр хэлэлцүүлж, тэдэнд С.Зоригийн амийг хөнөөсөн хэргээр ял оноосон. Өөрөөр хэлбэл, Гүйцэтгэх ажлын тухай хууль, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг үндсээр нь зөрчсөн.


Түүнчлэн УИХ-ын нэр бүхий таван гишүүнээс  Улсын Ерөнхий прокурор болон Улсын дээд шүүхэд 23 хэрэг шалгуулах хүсэлт гаргасан. Энэ 23 хэрэгт Эрдэнэт үйлдвэрийн 49 хувьтай холбоотой хэргээс Шинжиан Шинфа компанийн 20 тэрбум төгрөгтэй холбоотой хэрэг зэрэг томоохон хэргүүд бий. Гэвч эдгээр шүүгч Улсын дээд шүүхэд байгаа цагт дээрх хэргүүд шударгаар шалгагдах боломжгүй гэж үзсэн” хэмээсэн юм.


УИХ-ЫН ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ ХУГАЦААГ СУНГАВ



УИХ-ын дэргэдэх Зөвлөл энэ сарын 28-нд хуралдаж, хаврын ээлжит чуулганы хугацааг сунгах нь зүйтэй гэж үзсэн байна.

Үүнтэй холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ-ын энэ оны хаврын ээлжит чуулганы хугацааг ирэх сарын 10-н хүртэл сунгах захирамж гаргажээ. Захирамжийн хоёрдугаар заалтаар, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлэг хоорондын хугацаанд иргэдийг мэдээллээр хангаж, танилцуулга хийх, иргэдээс гаргасан саналыг нэгтгэн УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд ирүүлэхийг УИХ-ын гишүүдэд даалгасан байна.

Холбоотой мэдээ