БНХАУ хиймэл оюун ухаан бүхий хиймэл дагуулын систем байгуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2019-07-01 16:30:15

БЭЭЖИН. /TASS/. БНХАУ дэлхийн гадаргууг ажиглах зорилгоор хиймэл оюун ухаан бүхий хиймэл дагуулуудыг 2021 он гэхэд тойрог замд байрлуулахаар төлөвлөж байна. Тус улсын төв телевизээр мэдээлснээр, хиймэл дагуулын уг систем нь сансрын 192 аппаратаас бүрдэх ажээ.


Хиймэл дагуулын системийг Арслангийн ордны нэрээр “Leo” гэж нэрлэжээ. Сансрын аппаратуудад суурилуулсан хяналтын төхөөрөмжүүд нь хүний тархины үйл ажиллагаатай зарим талаараа төстэй байх аж. Хиймэл оюун ухаан нь дэлхийн гадаргуугийн зурагт бие даан дүн шинжилгээ хийж, өндөр температур эсвэл бусад хүчин зүйлээс шалтгаалан үүсэж болох алдаа эсвэл зургийн гажуудлыг илрүүлэх гэнэ. Уг систем нь чанар муутай гологдол зургуудыг ялгаж, дэлхий рүү захиалагчийн хувьд хамгийн үнэ цэнтэйд тооцогдох зургуудыг л дамжуулна.


“Leo” системийг байгаль орчны мониторинг, газрын гадаргууг ажиглах, гамшгаас урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний урсгалыг хянахад ашиглахаар төлөвлөжээ.


Холбоотой мэдээ