Цагаанчулуутын овоог тахиж хүндэтгэл үзүүлэв

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2019-07-02 12:41:02

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Монгол Улсын тусгаар тогтнолын төлөө тууштай тэмцэгч Манжийн ноёрхлын эсрэг тэмцлийн галыг бадраасан үндэсний баатар Шадар Ван Чингүнжавын дурсгалыг хүндэтгэж Хотгойд түмэн Цагаан чулуутын овоог тахин шүтсээр ирсэн уламжлалтай.

Энэ уламжлалыг сэргээн Хөвсгөл аймгийн ИТХ-ын 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 02 дугаар тогтоолоор Арбулаг сумын нутаг дэвсгэр дэх “Цагаан чулуутын овоо”-г аймгийн тахилгат овоо болгон жил бүр хүндэтгэл үзүүлж, дөрвөн жилд тахилга үйлдэж байхаар болжээ.

Зуны дунд сарын билэгт сайн өдөр хөвсгөлчүүд Цагаанчулуутын овоог тахиж хүндэтгэл үзүүлэв. Овооны тахилга наадамд бага 3 насны морьд уралдаж, хүчит 64 бөхийн барилдаан, хүүхдийн барилдаан боллоо.

Аймаг сумын алдар цолтой хүчит 64 бөхийн барилдаанд Аймгийн заан Г.Бат-Эрдэнэ түрүүлж, аймгийн арслан Г.Батням үзүүрлэж наадамчин олныг баясгалаа. .Хотгойдын Шадар ван Чингүнжав 1757 онд Манж нарт баригдан, Бээжинд аваачиж цаазлахад, нутгийн иргэн нууцаар түүний эрхий хурууг тас цавчин эх нутагт нь авчирч, хадганд боон, мөнгөн хайрцагт хийж, буу сэлэмний хамт овооны газар ухан булж оршуулан дээр нь Цагаан чулуутын овоог 1760 оны үед босгосон гэдэг домог яриа байдаг ажээ.


Холбоотой мэдээ