Өнөөдөр “Олон улсын спортын сэтгүүлчдийн өдөр” тохиож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-07-02 11:48:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр буюу долдугаар сарын 2-нд “Олон улсын спортын сэтгүүлчдийн өдөр” тохиож байгаа бөгөөд Олон улсын спортын сэтгүүлчдийн холбоог анх /AIPS/ 1924 онд байгуулсан юм.


"Парис-1924" зуны олимпын үеэр зургаан сэтгүүлч хуралдаж, AIPS буюу Олон улсын спортын сэтгүүлчдийн холбоог үүcгэн байгуулах санаачилгыг гаргажээ. Улмаар маргааш нь буюу 1924 оны долдугаар сарын 2-нд 20 гаруй орны сэтгүүлчид цуглан, AIPS-ийг байгуулсан түүхтэй.



Боксын ринг дээр хуралдсан энэхүү түүхт үйл явдал хожим нь дэлхийн 170 гаруй орныг нэгтгэсэн AIPS хэмээх том байгууллагын эхлэлийг тавьсан аж.



Монгол Улсын хувьд, 1990 онд спортын сэтгүүлч С.Түвдэнням, Ж.Отгонцагаан тэргүүтэй биеийн тамир спортоор дагнан бичдэг сэтгүүлчид санаачлан Монголын спортын сэтгүүлчдийн холбоо /МССХ/-г байгуулсан түүхтэй. МССХ-ны анхны ерөнхийлөгчөөр “Спортын мэдээ” сонины ахлах редактор, эрхлэгч С.Түвдэнням, удаах ерөнхийлөгчөөр МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга асан, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Отгонцагаан нар ажиллаж байв.



1990-ээд оны эхээр МССХ нь Олон улсын спортын сэтгүүлчдийн холбоо /AIPS/ болон Азийн спортын сэтгүүлчдийн холбоо /ASPU/-нд гишүүнээр элссэн байна. Өдгөө 100 гаруй гишүүдийг эгнээндээ нэгтгэсэн бөгөөд өнөөдөр Монголын спортын сэтгүүлчдийн холбооны ерөнхийлөгчөөр Ч.Отгонбаатар ажиллаж байгаа юм. 







Холбоотой мэдээ