Ардын зураач багш шавь хоёр дээж бүтээлүүдээ дэлгэлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-07-02 13:20:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол, Франц улсын Ардын зураач, Урлагийн гавьяат зүтгэлтэн, Бадамжавын Чогсом, Төрийн шагналт, Ардын зураач Долгоржавын Болд нар  хамтарч “Урлагийн амьдрал” уран бүтээлийн үзэсгэлэнгээ өчигдөр Монгол арт галерейд нээлээ. Үзэсгэлэнгийн танхимд багш, шавь хоёр зураач 200 гаруй бүтээлээ дээжилжээ. 


Үзэсгэлэнгийн нээлт дээр Монгол, Франц улсын Ардын зураач, МУУГЗ Б.Чогсом хэлэхдээ:

"Өнөөдөр би маш өндөр сэтгэгдэлтэй байна. Монголын дүрслэх урлагийн салбарын мөрөөдлийг биелүүлж, томоохон галерей байгуулсанд тун баяртай байна. Монгол Улсын соёл урлаг үргэлж мандан бадарч байх болтугай. Миний 110 орчим бүтээл бол 1940, 1950 хэдэн оны Монголын амьдралыг харуулсан. Нэг ч оныг алгасалгүй би бүтээлээ хийж ирсэн. Тэр болгоныг дэлгэн тавих нөхцөл алга шүү дээ. Өнгөрсөн хугацаанд гадаад, дотоодод хэчнээн уран бүтээлээ мартсанаа санахгүй байна” гэв.

Түүний урын сан дахь олон төрөл, зүйл сэдэв бүхий 2000 гаруй бүтээл нь нийгмийн амьдралыг эергээр өөрчлөхүйц үлгэр жишээ үйл явдлыг тусгахыг эрхэмлэсэн байдгаараа онцлог байдаг. Б.Чогсом зураач Москва хотноо олон улсын харилцааны мэргэжлээр суралцаж, Франц улсад эх орноо төлөөлөн ажиллахдаа дэлхийн урлагт шинэ бүхнийг эхлүүлж байсан модернизмын урлагийн олон урсгалыг шимтэн судалсан уран бүтээлч билээ.


Төрийн шагналт, Ардын зураач Д.Болд:

"Миний хувьд 2017-2018 онд бүтээсэн абстракт зургуудаа түлхүү дэлгэлээ. Сүүлийн жилүүдэд миний амьдралд гарсан өөрчлөлтүүдээс үүдэн сэтгэл санааны байдлаа үзэгчидтэйгээ хуваалцаж байна. Хүний амьдрал эрээнтэй бараантай. Өнгөрсөн хугацаанд амьдралынхаа ханийг алдлаа, элдвийг л туулж үзлээ. Энэ удаагийн үзэсгэлэнд ойрын хоёр гурван жил Энэтхэг улсад хийсэн бясалгалынхаа ачаар зурсан бүтээлүүдээс түлхүү дэлгэлээ" гэв.

Д.Болдын зургийн хавтгай дээр тоглох зураас, өнгө, тэдгээрээс үүссэн янз бүрийн үл танигдах дүрсүүд нь нийгэмд илэрч байдаг баяр баясал, айдас, өөдрөг эсвэл гунигтай, сайн эсвэл муу мэдрэмж төрүүлэх мэт. Эдгээр нь агуу В.Кандинскийн онолд тулгуурласан оюун санааны ертөнцийг илэрхийлэх аргатай холбоотой  юм байна.

Холбоотой мэдээ