Ц.Ганчимэг: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хөдөлмөр эрхлэхэд бэлтгэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-07-02 16:00:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор Ази, Номхон далайн бүсийн улс орнуудын төлөөлөл хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар өнөөдөр манай улсад чуулж байна.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх сэдэвт олон улсын энэхүү чуулганы талаар ХНХЯ-ны харьяа Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дарга Ц.Ганчимэгээс тодруулав.



Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дэд бүтцийг хөгжүүлэх талаар судалж

туршлага хуваалцаж байна


-Олон улсын чуулганы гол зорилго юу вэ?

-Энэ удаагийн IV конгресс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хөдөлмөр эрхлүүлэх замаар эдийн засгийн эрх мэдлийг олгох талаар чуулж байна. Бидний хувьд Ази, Номхон далайн бүсийн орнуудын иргэдээ хөдөлмөр эрхлүүлэх ямар нөхцөл боломж гаргаж өгч буй туршлагаас хуваалцаж байна.

-Манай улсын хувьд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хөгжүүлэх дээр гол тулгамдаж буй зүйл юу байна вэ?

-Нэгд, манай улс дэд бүтцийн хувьд хүртээмж дутмаг, саадтай байгаа. Хоёрт, хөдөлмөр эрхлэлт дээр тэр болгон хөгжлийн бэрхшээлтэй иргэд маань хувиараа хөдөлмөр эрхлэхээс хэтрэхгүй, санхүүгийн дэмжлэг авч байгаа. Энэ нөхцөл байдлыг өөрчлөх ямар туршлага байна гэдгийг бид өнөөдрийн чуулган, хуралдаанаас судалж гаргаж ирэх юм.

Юуны өмнө хөдөлмөрийн бэрхшээлтэй иргэдийн ажиллаж чадах мэргэжлийг судалгаагаар гаргаж, ажиллах боломж нөхцөлийг судалж байна. Яагаад гэвэл аль нэг байгууллага хуулийн дагуу хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг авч ажиллуулъя гэхэд бид бэлтгэгдсэн боловсон хүчний бэлэн нөөцтэй байх шаардлагатай.

Энэ үүднээс хүмүүсээ бэлтгэх, боловсон хүчнээ бүрдүүлэх дээр голлон анхаарч байна. Энэ зорилгоор Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газраас эхний ээлжинд албан ёсоор ажил хөдөлмөр эрхлэх хүсэлтэй байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг бүртгэж, цааш нь тухайн хөдөлмөрт бэлтгэх, мөн ажлын байран дээр дадлагажуулах ажлыг шат дараатай хийхээр төлөвлөж байна.

-Үр дүн яаж гарах вэ?

-Өнөөдөр 20 хувьтай байгаа хөдөлмөрийн насны хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг 40 хувь хүртэл ажил хөдөлмөрт хамруулан, ажил хөдөлмөр эрхлэх боломж нөхцөлөөр хангахын төлөө ажиллана гэв.


Бид хуралдааны үеэр мөн ХНХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяртай уулзсан юм. Тэрээр, “Өмнөх гурван конгрессыг ТББ-ууд зохион байгуулж байсан. Харин энэ удаагийн ээлжит конгресс нь Монол Улсын Ерөнхий сайдын ивээл дор болж байна. Энэ нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ төлөө Монгол Улсын Засгийн газар ач холбогдол өгч, анхаарал хандуулж буйн илрэл юм” гэв.


Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн ТББ-уудын нэгдсэн холбоо байгуулж ажиллавал илүү үр дүнд хүрнэ





Тэрээр чуулганы талаар цааш нь хэлэхдээ, “Ази, Номхон далайн бүс нутгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бодлого нь хамгийн сайн жишигт тооцогдож байна. 43 орны төлөөлөл оролцож буй энэ удаагийн чуулганаар өмнөх конгрессоос гарсан уриалга, тунхаглалын хэрэгжилтийг бусад улс орон хэрхэн хэрэгжүүлсэн, цаашид бүс нутгийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөө юу хийж буй талаар хэлэлцэж, зөвлөлдөн тодорхой шийдэлд хүрнэ. Ер нь хүн бүрт хүртээмжтэй нийгмийг улс орон бүхэн бий болгох хэрэгтэй. Энд Засгийн газар бүхэн хариуцлага хүлээх ёстой гэдгийг өнөөдрийн хуралдаанаар голлон хэлэлцэж байна.

Мөн иргэний нийгмийн байгууллагууд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжилд чухал нөлөө үзүүлдэг. Тэдгээр байгууллагаар дамжуулан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хөгжүүлэх сайн жишиг олон улсад бий. Манайд ч мөн адил энэ чиглэлээр мэргэшсэн иргэний нийгмийн байгууллагууд бий. Тэднийг төр, засаг дэмжин ажиллах ёстой. Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чиглэлээр ажиллаж байгаа олон ТББ-ыг нэгтгэн нэгдсэн нэг том холбоо байгуулаад ажиллавал илүү үр дүнд хүрнэ.

Мөн бид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн хамгааллыг сайжруулахад олон бодлого хөтөлбөрийг хэлэлцэн хэрэгжүүлж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн асарч сувилах, асарч буй хүнд нь тэтгэмж олгохыг шийдвэрлэсэн.

Одоогоор хөгжлийн бэрхшээлэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт дээр анхаарч байна. Тухайлбал, хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулаагүй ААН-үүдийн татварын хураамжийг нэмэх, төвлөрсөн мөнгийг тэдний хөдөлмөр эрхлэлтэд зарцуулж байна. Үүнийг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс өөрсдөө хариуцан ажиллаж байна. Мөн зургаан аймагт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бие дааан амьдрах төв буюу ордон барьж байна.

Тэнд өөрсдөө цуглараад тулгамдаж буй зүйлээ шийдвэрлээд орон нутгийн байгууллага болон бусад байгууллагатай хамтран ажиллах сайн жишгийг манай улс нэвтрүүлж байна. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн 250 ортой хөгжлийн төв ашиглалтад орлоо. Ирэх жил гэхэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спортын ордонг барина. Бүс нутгийн түвшинд авч үзвэл, манайд сайн жишиг бий. Алдаа дутагдал ч бас бий. Үүнийгээ засаж, сайжруулахын төлөө манай яам хичээж ажиллана” гэв.


Манай улсад 105.6 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаагийн 11 мянга нь хүүхэд байна. Хөгжлийн бэрхшээлтэй хөдөлмөрийн насны иргэдийн 19.7 мянга нь хөдөлмөр эрхэлж байгаагийн дийлэнх нь гэр бүлийнхээ амьжиргааг дэмжих, өрхийн орлогоо нэмэгдүүлэх зорилгоор хувиараа хөдөлмөр эрхэлж байна. Төр засгаас Хөдөлмөрийн хуулийн 111-р зүйлийг хэрэгжүүлэх үүднээс албан байгууллага, ААН-д 25-аас дээш ажилтан тутамд хөгжлийн бэрхшээлтэй нэг иргэнийг зайлшгүй ажиллуулж байх, ажиллуулаагүй нөхцөлд төлбөр төлж байх заалтыг хэрэгжүүлэх зорилгоор энэ талын шаардлагыг тавин ажиллаж байна.

 

Б.Болд

Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ