Хөвсгөл нуурыг дэлхийн өвд танилцуулах соёлын өдрүүд болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
183@montsame.mn
2019-07-04 15:43:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөвсгөл нуурын байгаль экологи болон соёлын үнэ цэнийг дэлхийд таниулах "Далай ээж" олон улсын эко соёлын аян-өдрүүдийг энэ сарын 4-19-нд зохион байгуулна.

Энэ өдрүүдэд болох үйл ажиллагаа, хөтөлбөрийн тухай санаачлагч "Хөвсгөл далайн эзэд" ТББ-ын тэргүүн Б.Баярмаа, "Түгээмэл эрх хөгжил" ТББ-ын тэргүүн Т.Саруул, "Дөрөв дэх өнцөг" ТББ-ын тэргүүн Д.Оюун-Эрдэнэ, "Захиргааны шинэ санаачилга" ТББ-ын тэргүүн С.Цэрэнпүрэв нар өнөөдөр мэдээлэв.

Монголын байгаль орчныг хамгаалагч идэвхтэн судлаачид, иргэний нийгмийн төлөөлөл, хуульчдын баг хамтран Хөвсгөл нуурыг НҮБ-ын ЮНЕСКО-гийн Дэлхийн байгалийн өвд бүртгүүлэх хүсэлтээ өргөн барьсны дараа энэ эко аяныг өрнүүлж байгаа бөгөөд 8 орны 25 уран бүтээлч, хуульч, байгаль орчны идэвхтэн хүрэлцэн ирж оролцох юм байна.  


Аяныг Улаанбаатар-Эрдэнэт-Булган-Мөрөн-Хатгал маршрутаар урлаг, соёлын тоглолт, эрдэм шинжилгээний бага хурал зэргээр үргэлжлүүлэн үндэсний хэмжээнд зохион байгуулна.

Хөвсгөл нуурын хөвөөнд болох "Далай ээж" олон улсын хөгжмийн үдэшлэгийг комеди арт Б.Идэрбат, МУСТА дуучин С.Наран нар хөтөлж, МУГЖ Ө.Уянга, МУСТА Т.Дэлгэрмөрөн зэрэг дуучин чимж, МУЭ-ийн  шагналт, зураач С.Машбат, Ц.Амарсайхан, Австрийн зураач Бенжамин Ноа, Английн зураач, барималч Саймон Бак, Непал, Бангладешийн уран барималч Рити Махаржан, Анисул Хакэ нар уран бүтээлээ дэлгэн, дуудлага худалдаа  хийх юм. Урлагийн тоглолт, дуудлага худалдааны хандивыг Хөвсгөл нуурыг хамгаалах санд оруулна.

Хөвсгөл нуур Монгол Улсын цэвэр усны нөөцийн 70 хувийг агуулдаг, монголчуудын хувьд "Далай ээж" гэж  шүтэн хайрлаж, хамгаалдаг дэлхийн эртний нууруудын нэг боловч, нуур орчмын 100 км-т уул уурхайн ажиллагаа эхлүүлэх, төмөр зам барих, өвөл нуурын мөс цөмөрч машин живэх зэргээр нуур болон нуурын эргэн тойрныг бохирдуулах нь ихэсчээ. Нуурт 30-40 машин живсэн байна. Тиймээс Хөвсгөл нуурыг хамгаалах асуудлыг олон улсын анхааралд оруулж, улмаар дэлхийн өвд бүртгүүлэх нь чухал болсон тул энэхүү эко аяныг зохион байгуулж буйг дээрх байгууллагынхан онцлов. Тиймээс энэхүү аянд олон улсын зураач, дуучин, хөгжимчин, байгаль хамгаалагч, идэвхтэн, судлаачид оролцож байгаа юм байна.



Зураачдын дунд Монгол, Пакистан, Авсрали, Англи, Балба, Бангладеш, Индонезийн уран бүтээлчид оролцож байгаа бол хөгжимчин, дуучдын дунд Монгол, АНУ, Австрали, Индонез, Шинэ Зеланд, Францын уран бүтээлчид оржээ. Хөвсгөл нуур тойрсон аяны үеэр хөгжмийн үдэшлэг, урлагийн тоглолт, морины уралдаан, сурын харваа болно.


 

Холбоотой мэдээ