Хурдан морины уралдааныг 8 автомашин дагалдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-07-04 13:49:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын Хурдан морины салбар хорооноос өнөөдөр энэ жилийн хурдан морины уралдааныг хэрхэн зохион байгуулах талаар мэдээлэл хийлээ.


Хурдан морины салбар хорооны дарга, НЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар “Хурдан морины уралдааныг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос 2015 оны долдугаар сарын 1-нд гаргасан эрлиийз морьдыг монгол морьдоос тусад нь уралдуулах журмын хүрээнд зохион байгуулна. Унаач хүүхдүүдийн аюулгүй байдал, дэг журам болон монгол мориноос эрлийз морьдыг тусад нь уралдуулахад ХХААХҮЯ-наас Ажлын хэсэг гаргаж анхаарч ажиллана. Долдугаар сарын 10-ны өдөр хязаалан, шүдлэн, 11-ний өдөр азарга, их нас, 12-нд соёолон, даага уралдана. Харин 13-нд болох уяачдын наадмаар эрлийз гурван насны морьдын болон жороо морины уралдаан болно. Хурдан морь үзэхээр хүлээж буй иргэд, наадамчин олондоо зориулж морьтон монголчууд үзүүлэх тоглолт, жороо болон хос морины уралдаан, шүхрээр буух үзүүлбэр зэргийг зохион байгуулна. Тухайн жилийн зуншлагын нөхцөл байдлаас хамаараад нас насны ангилалд уралдах морьдын замын уртыг зааж өгдөг. Энэ жилийн хувьд, даага 11 км, шүдлэн 15 км, хязаалан 17 км, соёолон, азарга 22 км, их нас 25 км-ээс уралдана. Хурдан морины уралдааныг дагадаг машиныг цэгцлэхэд онцгой анхаарч, хяналт шалгалтаа эрчимжүүлэн ажиллах бөгөөд нэг уралдааныг хэвлэл мэдээллийн 4 машин, даамлын 2, хүн болон мал эмнэлгийн тус бүр нэг, нийт 8 автомашин байна” гэдгийг онцлов.


Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Д.Түмэндэмбэрэл “Манай ажлын хэсэг уралдах морьдын үүлдрийг ялгах үүрэг хүлээн ажиллана. Холбогдох хууль, дүрэмд заасны дагуу өндрийн байдлыг азарга, соёолон 140 см, их нас 141 см, хязаалан 137 см, шүдлэн 132 см, даага 127 см байх зарчмыг нарийн баримтлах болно. Баяр наадмын үеэр эрлийз морьдыг уралдааны талбайд оруулах, элдэв будлиан, зохисгүй асуудлыг хурдан морины салбар комисс хүлээн авахгүй. Бид шуурхай, шударга ажиллана” гэв.


Нийслэлийн гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар /НГБХЗХГ/-ын орлогч дарга Н.Мандуул “Хурдан морь унаач хүүхдүүдийн эрхийг хамгаалах асуудалд хуульд заасан бүх үйлчилгээг үзүүлнэ. Унаач хүүхдийн хамгааллын хувцас хэрэглэлийг стандартад заасны дагуу шаардана. Бэлтгэлгүй ирсэн, хамгаалах хэрэгслээ мартсан, орхисон зэрэг уяач, унаач хүүхдүүдэд боломж олгох үүднээс Хүй долоон худагт хамгаалалтын хувцас хэрэглэл борлуулдаг ААН-үүдийг ажиллуулахаар болж байгаа. Уяачид бүртгүүлэх гэж ирэхдээ унаач хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, эцэг эхээс нь зөвшөөрөл авсан хуудас, даатгалын гэрээ зэргийг бүрэн байлгах хэрэгтэй. Мөн баяр наадмын өдрүүдэд бага насны хүүхдүүдэд аюулгүйн бугуйвч зүүж өгөх бөгөөд иргэд наадамчид 108 гэсэн дугаараар холбогдож болно. Бид өнгөрсөн наадмаар 205 хүүхдийг эцэг эх, асран хамгаалагчид нь хүлээлгэж өгсөн” гэдгийг хэлэв.

Холбоотой мэдээ