АНУ-д үрчлүүлсэн монгол хүүхдүүд эх орныхоо ёс заншилтай танилцаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2019-07-04 16:07:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. АНУ-ын гэр бүлд 14-16 жилийн өмнө үрчлүүлсэн монгол хүүхдүүд эх орныхоо ёс заншил, соёл, түүхтэй танилцахаар иржээ.


Гадаадын иргэн харьяатын газар (ГИХГ) 2017 оноос эхлэн Монгол Улсаас гадаадын иргэн, гэр бүлд үрчлүүлсэн хүүхдүүдээ хүлээн авч, эх оронтой нь танилцуулах аялал зохион, эх орныхоо зан заншил, өв уламжлалыг танин мэдэх боломжийг бүрдүүлж өгдөг аж. Энэ хүрээнд АНУ-ын гэр бүлд үрчлүүлсэн 2 хүүхэд, аав ээжийнхээ хамт ирсэн бөгөөд өнөөдөр ГИХГ-ын дэд дарга Д.Түвшинтөр хүлээн авч уулзлаа.


АНУ-ын иргэн Чарльз, Келли нарын үрчилсэн Ганхүү, Учрал нар өдгөө 18 настай бөгөөд охин Учрал нь эмч болохоор суралцаж байгаа юм. Харин Ганхүү нь Вашингтон хотын инженерийн сургуульд суралцаж байгаа аж. Уулзалтын үеэр Ганхүү, Учрал нартай цөөн хором ярилцлаа.


Baramsai Chadraabal-н зураг.

-Монголд ирээгүй хэр удав. Эх орондоо ирээд хамгийн түрүүнд юу хийхийг хүсэж байв?


-Учрал: Би 16 жилийн дараа эх орондоо ирж байна. Хүүхэд байхаасаа л Монголынхоо өв соёл, уламжлалыг мартахгүй байхыг хичээсээр ирсэн. Ялангуяа, Монгол хэлээ хэзээ ч мартаж болохгүй хэмээн боддог. Өмнө нь Монголын талаар үзэж, судалж байсан зүйлстэйгээ биечилж танилцаж байгаадаа маш их баяртай байна. Хамгийн гол нь монгол хэлээрээ Монгол түмэнтэйгээ ярихыг хүсдэг байсан.


-Ганхүү: 14 жилийн дараа төрөлх эх орондоо ирлээ. Маш их баяртай байна. Эх орондоо ирэхээсээ өмнө би хөдөө аялж, нүүдэлчин ахуй амьдрал, соёлыг нүдээрээ үзэхийг хүссэн. Мөн өдөр бүр тусгай баярын зоогийг биш монголчуудынхаа идэж ундалдаг энгийн хоол хүнсийг амталж байгаа минь үнэхээр сайхан санагдаж байгаа.


-Монгол хүмүүстэй харьцахад ямар санагдав. Хөгжлийн хувьд бодож байснаас нь ялгаатай байв уу?


-Учрал: Монголчууд маань маш өгөөмөр нинжин гэдгийг харснаа онцолмоор байна. Мөн аливаа ажлыг хийхдээ маш тууштай байдлаар гүйцэтгэдэг, хэзээ ч ухрахгүйгээр урагшилдаг хандлага нь миний сэтгэлд үнэхээр хүрч чадсан. Мөн Улаанбаатар хотын хөгжил нь АНУ-ын зарим хотуудаас илүү байгааг хараад баяртай байгаа. Хөдөө орон нутаг миний судалж байсан шиг соёл, өв уламжлалаа хадгалсан байдалтай байгаа нь бахархууштай.


-Ганхүү: Улаанбаатар хотын хөгжил биднийг гайхшруулсан. Америкт байдаг шиг үнэтэй том зочид буудлууд, мөн сүүлийн үеийн загварын машинуудыг Улаанбаатар хотын зам дээр явж байхыг хараад эх орны минь хөгжлийн нэг хэлбэр болов уу хэмээн бодож их баярласан.  


-Аав ээжийнхээ хүндэлдэг зан чанараас яриач. Аав ээж нь юу гэж сургадаг вэ?


-Учрал: Аав ээж минь маш сайхан сэтгэлтэй хүмүүс бөгөөд бидэнд үргэлж нинжин сайхан сэтгэлтэй байхыг зааж зөвлөдөг юм. Аав ээждээ маш их талархаж явдаг аа. Ганхүү бид хоёрыг яг л ихэр хүүхэд шиг өсгөсөн. Бид хоёр урьд нь нэг асрамжийн газарт байсан юм. Нэг айлд үрчлэгдсэндээ талархаж явдаг.


-Ганхүү: Аав ээж минь Учрал болон бусад ах дүүсийг минь ямарч нөхцөлгүйгээр, хариу нэхэлгүй хайрладаг. Энэ чанарыг нь би үнэхээр хүндэлдэг. Мөн тэд Учрал эгч бид хоёроос гадна хоёр хүүхэд үрчилсэн. Үнэхээр өр зөөлөн хүмүүс.


-Ирээдүйд эх орондоо амьдрах бодол бий юу?


-Учрал: Одоогоор ямар нэгэн шийдвэр гаргаагүй байна. Гэсэн ч жил бүрийн зун эх орондоо заавал ирж байхаар төлөвлөсөн. Монголдоо байх хугацаандаа асрамжийн газрын хүүхдүүдийн сурлага, мэдлэгийн түвшинд бага ч болов хувь нэмэр оруулж, тусална гэж бодож байна. 


-Ганхүү: Би эх орондоо амьдарч түүх соёл, өв уламжлалаа мэдэж, монгол хүн гэдгээ мэдрэхийг хүсдэг. Мөн одоо сурч байгаа мэргэжлийнхээ дагуу Монголын инженерүүдтэй туршлага солилцон, хамтарч ажиллахыг хүсэж байна.


Baramsai Chadraabal-н зураг.

Харин тэдний эцэг Чарльз, эх Келли нар: “Бид Америкт оршин суудаг монголчуудтай маш дотно найзууд. Найзуудаараа дамжуулж Монголын өв уламжлал, ард иргэдийнх нь мөн чанарын тухай ойлголт авч монгол хүүхэд үрчилж авахаар шийдэж байсан. Одоогоос 16 жилийн өмнө Учрал охиноо үрчилж авч байхдаа Ганхүү хүүгээ харж байсан юм. Улмаар 2 жилийн дараа түүнийг үрчлэх боломж нь бүрдсэн. Учрал охин минь бидэнд монгол хүний үнэт зүйлийг таниулж чадсан юм. Хүүхдүүдээрээ маш их бахархдаг. Бидний хүүхдүүд сургуулиасаа зохиож буй уралдаан тэмцээнд сайн оролцохын сацуу сайн дурын ажилд тогтмол хамрагддаг. Монгол хүүхдүүдийн оюуны чадамж өндөр байдаг нь үнэхээр үнэн. Тэд аливаа уралдаан тэмцээнийг ихэвчлэн хошуучилдаг” гэв.


Дашрамд дурдахад, Монгол Улс “Хүүхэд хамгаалах болон улс хооронд үрчлэх асуудлаар хамтран ажиллах тухай Гаагийн конвенцод 1999 онд нэгджээ. Өнөөгийн байдлаар, 270 хүүхдийг 17 орон буюу АНУ, ХБНГУ, Франц зэрэг орны гэр бүлд үрчлүүлсэн байна. Тодруулбал, АНУ-д 156, ХБНГУ-д 34, Францад 20 хүүхэд үрчилжээ.

Б. Одгэрэл

Холбоотой мэдээ