Цагдаагийн газарт хоёр автомашин хүлээлгэн өгөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2019-07-05 09:54:45

Дархан-Уул /МОНЦАМЭ/. “Амгалан-Дархан” хөтөлбөрийн хүрээнд аймгийн Цагдаагийн газарт хоёр Соната-6 автомашин хүлээлгэн өглөө. Энэхүү автомашин хүлээлгэж өгөх ажлыг Дархан сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, Дархан сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ажлын хүрээнд хийсэн аж.

"Амгалан-Дархан " хөтөлбөрийг Дархан сумын Засаг даргаас санаачлан 2015 оноос эхлэн хэрэгжүүлж эхэлсэн. Хөтөлбөрийн хүрээнд 2015 онд Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын парк шинэчлэлийг эргүүлийн 4 машинаар нэмэгдүүлж байсан.

Харин энэ удаад тус газрын Нийтийн хэв журмыг хамгаалах тасагт "Соната-6" маркийн 2 автомашиныг хүлээлгэн өгөв. Цагдаагийн албаны машин техникүүд 24 цагийн байнгын ажиллагаатай байдаг учир Дархан сумын Орон нутгийн төсвийн хөрөнгөөр олгосон 2 машины 1 жилийн хугацаанд гарах засвар үйлчилгээг Дархан сумын ЗДТГ-аас шийдвэрлэж өгөх аж. Автомашиныг нэмэгдүүлснээр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэдийн амгалан тайван амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд ихээхэн ач холбогдолтойг цагдаагийн албан хаагчид энэ үеэр онцолж байлаа.

 

Холбоотой мэдээ