Налайх шинэ Цэнгэлдэх хүрээлэнтэй болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2019-07-05 14:05:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Налайх дүүргийн иргэд, оршин суугчид болон аж ахуйн нэгжүүд, төрийн байгууллагууд хамтран өөрсдийн нөөц бололцоогоор хандив цуглуулж сарын дотор шинэ Цэнгэлдэх хүрээлэнтэй болжээ.


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Налайх дүүрэгт /2019.07.05/ ажиллах үеэрээ уг бүтээн байгуулалтыг үзэж, дүүрэгт баригдсан олон улсын хөнгөн атлетикийн тартан замыг түшиглэн Цэнгэлдэх хүрээлэн байгуулсан налайхынханд амжилт хүслээ. 

“Цэнгэлдэх хүрээлэнгийн энэ бүтээн байгуулалт дүүргийн иргэдийн чин хүслээр хийгдсэн ажил бөгөөд улс, нийслэлийн төсвийн хөрөнгө огт ороогүй аж. Зөвхөн иргэд болон байгууллагуудын ажилтан, албан хаагчдын хандив тусламж болон уурхайчин залуусын дэмжлэг, туслалцаатай их ажил өрнүүлж байна” гэдгээ Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар хэлсэн юм.

С.Амарсайхан “Иргэд олон нийт хүчээ нэгтгэн, санал санаачилга гарган дүүргийнхээ хөгжил цэцэглэлт, ирээдүйн бүтээн байгуулалтын төлөө ийм сайхан ажил өрнүүлж, Үндэсний их баяр наадмын өмнө ашиглалтад оруулахаар сэтгэл, зүтгэл гарган ажиллаж байгааг харахад баяртай байна. Налайх дүүргийн иргэд үлгэр жишээ байж, төсвийн хөрөнгө мөнгө харалгүйгээр өөрсдийнхөө нөөц бололцоогоор бүтээн байгуулалт хийж болдгийг харуулж чадлаа” гэдгийг онцолж хэлээд хотын Захирагчийн зүгээс дэмжиж ажиллана” гэдгээ илэрхийлэв.

Энэхүү бүтээн байгуулалтын санаачилгыг дүүргийн ИТХ, ЗДТГ болон төрийн байгууллагууд түүчээлэн дэмжиж, ажилтан, албан хаагчид нэг өдрийн цалингаа хандивлаж, дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа хувийн хэвшлийн байгууллагууд, иргэд, төгсөлтийн холбоод болон хувь хүмүүсийн чин сэтгэлийн хандив, хамтын хүчээр налайхынхан шинэ "Цэнгэлдэх хүрээлэн"-дээ баяр наадмаа хийхээр ажиллаж байна.

Холбоотой мэдээ