Монгол, Туркийн хамтарсан сургалтаар сургагч багш бэлтгэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2019-07-05 16:57:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Дотоод хэргийн Их сургууль /ДХИС/ БНТУ-ын Цагдаагийн академитай хамтран ажиллах санамж бичигт 2014 онд гарын үсэг зурж түүнээс хойш хамтран ажиллаж байна. ДХИС-ийн захирал, хошууч генерал Ш.Лхачинжав энэ оны гуравдугаар сард Туркийн цагдаагийн академид зочлон, хамтран ажиллах гэрээгээ шинэчлэн Туркийн хуулийн сургуулиуд, хүрээлэнтэй танилцжээ. Мөн Туркийн багш нар ДХИС-д ирж, хоёр удаагийн сургалт хийгээд байгаа тухай тус сургуулийн  Эрүүгийн хэрэг, хянан шийдвэрлэх эрх зүйн тэнхимийн эрхлэгч, цагдаагийн ахмад, доктор Г.Мөнгөншагайгаас тодрууллаа.


-Монгол, Туркийн цагдаагийн болон хуулийн сургуулиуд хэрхэн хамтарч ажиллаж байна вэ?

- Монгол Улсын Цагдаагийн академи 2014 онд өргөжиж ХСИС болсон. Энэ үеэс гадаад харилцаагаа өргөтгөж эхэлсэн. ХСИС 2014 онд Туркийн цагдаагийн академитай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан. Энэ дагуу, гуравдугаар сард ХСИС өөрчлөлт шинэчлэлт хийж Дотоод хэргийн их сургууль болж нэр, бүтцээ өөрчилсөн юм. Мөн Туркийн цагдаагийн академитай хамтран ажиллах гэрээг шинэчилж, манай сургуулийн захирал Ш.Лхачинжав Туркт айлчлаад ирсэн. Тохирч хэлэлцсэний дагуу өнгөрсөн 6 дугаар сарын 24-28-нд ДХИС дээр Туркийн цагдаагийн академиас хоёр багш ирж "Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх, сургагч багш бэлтгэх сургалт" хийлээ. Энэ сургалтад манай улсын ЦЕГ, ШШГЕГ, ХХЕГ, ГИХГ, ДХИС-ийн бүрэлдэхүүн сургуулиудаас 20 гаруй багш, албан хаагч оролцож, "Багш сургагч" гэсэн сертификат гардан авсан юм. Сургалтыг үргэлжлүүлэн хийхийг хоёр талаас санал нэгтэй тохиролцоод байна.


-Энэ сарын эхээр бас дахин  сургалт хийж өнөөдөр дуусаж байгаа юм байна. Энэ сургалтын онцлогийн талаар...?

-Дээрх сургалт хийсний дараа хоёр сургуулийн удирдлагууд ярилцаад, цаашдаа тогтмолжуулж, аль болох олон хүнийг хамруулж байя гэцгээсэн. Сургалт үр дүнтэй, цаг үеийнхээ тулгамдсан сэдвийг олж, амьдрал, практикт нийцэж байгаа учраас Монголд ч, Туркт ч үргэлжлүүлэн хийх шийдвэр гаргасан. Тиймээс энэ сарын 1-нээс өнөөдрийг хүртэл Туркийн Үндэсний цагдаагийн газрын терроризмтой тэмцэх газрын харьяа Терроризмтой тэмцэх академийн гурван багш хүрэлцэн ирж сургалт хийлээ. Турк улс сүүлийн жилүүдэд дотооддоо терроризмоос сэргийлэх талаар их анхаарч байгаа юм байна. Төрийн эргэлт гаргахыг завдсан явдлаас сургамж авч Терроризмтой тэмцэх академи ч байгуулсан юм. Энэ удаагийн сургалтыг "Терроризмоос урьдчилан сэргийлэх олон нийтийн хамтын ажиллагаа" сэдвээр хийлээ. Сургалтад ТЕГ-ын терроризмын ажлыг зохицуулах зөвлөл,  ЦЕГ, ХХЕГ, ШШГЕГ, ОБЕГ, ДХИС зэрэг газрын 30 гаруй хүн хамрагдлаа. Өнөөдөр сертификатаа гардан аваад байна.

Сургалтын онцлог нь, цаашид ажлын уялдаа холбоотой байгууллага, сургуулийн багш, алба хаагчдыг илүү олноор хамруулах, хуулийн салбарын төрийн болоод төрийн бус байгууллагынхныг ч сургалтад оролцуулах нь зөв юм байна гэсэн шийдэлд санал нэгтэй хүрсэн явдал. ДХИС-ийн удирдлага ч энэ саналыг Туркийн талд явуулаад байна.


-Монголын талаас Туркт болсон сургалтад аль хэр оролцож байна вэ? 

- 2014 оноос эхлэн Туркт болж буй сургалтад тогтмол оролцож байгаа. Гэхдээ энэ оны 10 дугаар сараас Туркт болох сургалтын давтамж, оролцох хүний тоог ч ахиулах талаар ярилцаж байна. Бидний хамтын ажиллагаа улам өргөжнө гэдэгт найдаж байна.



Холбоотой мэдээ