Б.Жонсон, Ж.Хант нар мэтгэлцжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2019-07-10 09:46:56

ЛОНДОН. /BBC/. Их Британийн Ерөнхий сайд хийгээд эрх баригч Консерватив намын даргын албан тушаалын төлөө өрсөлдөж буй Борис Жонсон, Жереми Хант мягмар гарагт телевизийн мэтгэлцээнд оролцжээ.


Халз мэтгэлцээний үеэр тэд “Brexit”-ийн талаарх стратегиуд, улс төрийн хэв маяг, яагаад Ерөнхий сайд болох ёстой талаар хийгээд АНУ-д суугаа Их Британийн Элчин сайдын асуудлаар мэтгэлцсэн байна.


ITV” сувгийн мэтгэлцээн эхлэх үед Б.Жонсон Их Британи ирэх 10 дугаар сарын 31 гэхэд Европын Холбооноос гарах шаардлагатай гэдгийг онцолсон байна. Үүний хариуд Ж.Хант, “Надад төлөвлөгөө байгаа тул 10 дугаар сарын 31 гэхэд ЕХ-ноос гарна гэдэгт итгэлтэй байна” хэмээн хэлжээ.


Их Британийн Элчин сайд Ким Даррочийн цахим шуудангийн маргааны талаар Б.Жонсон хэлэхдээ Дональд Трампыг зэмлэн буруушаахаас татгалзсан бол Ж.Хант үүний эсрэг байр суурь илэрхийлсэн байна.


Тереза Мейн халааг хэн авахыг Консерватив намын 160 мянга орчим гишүүн шийднэ. Санал хураалтын дүнг долдугаар сарын 23-нд танилцуулах бөгөөд Ерөнхий сайдыг намын гишүүд сонгож буй анхны тохиолдол энэ болох ажээ.


Ж.Хант 2010-2012 онд Олимпын наадмыг зохион байгуулах асуудал эрхэлсэн сайд, 2012-2018 онд Эрүүл мэндийн сайд, 2018 оноос хойш Гадаад хэргийн сайдын албан тушаалыг тус  тус хашжээ. Б.Жонсоны хувьд Лондон хотын даргын албыг 2008-2016 онд, Гадаадын хэргийн сайдын албыг 2016-2018 онд хашиж байжээ. 

Холбоотой мэдээ