БНСУ "F-35A" загварын хоёр сөнөөгч онгоц хүлээж авчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-07-16 16:49:46

СӨҮЛ. /TASS/. АНУ-ын тав дахь үеийн “F-35A” загварын хоёр сөнөөгч онгоцыг БНСУ хүлээж авчээ. Энэ тухай “Yonhap” агентлаг Өмнөд Солонгосын Батлан хамгаалах салбарын худалдан авалтын газрын мэдээллээс иш татан уламжилсан байна.


Америкийн “Lockheed Martin” корпорацын үйлдвэрлэсэн шинэ үеийн, радарт үл үзэгдэгч хоёр сөнөөгч онгоц Өмнөд Солонгосын агаарын цэргийн Чонжу баазад даваа гарагт иржээ.


БНСУ-ын Батлан хамгаалах яам энэ загварын эхний хоёр сөнөөгч онгоцыг өнгөрөгч гуравдугаар сарын 29-нд хүлээн авсан байна. “F-35A” сөнөөгч онгоцны хамгийн дээд хурд нь 1.8 Маха /цагт 2200 орчим км/ бөгөөд “JDAM”  бөмбөг тээвэрлэх хүчин чадалтай юм.


БНСУ-ын Засгийн газар 6.8 тэрбум ам.долларын өртөг бүхий “F-35A” загварын сөнөөгч онгоц 40 ширхэгийг худалдан авах гэрээг АНУ-тай 2014 онд байгуулсан бөгөөд 2019 он дуустал дахин 10 сөнөөгч онгоц хүлээж авахаар төлөвлөсөн байна. Үлдсэн сөнөөгчүүдийг АНУ тус улсад 2021 он хүртэл нийлүүлэх аж.


Холбоотой мэдээ