“Эль Чапо”-д бүх насаар хорих ял ногдуулжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ВАШИНГТОН. /CNN/. АНУ-ын шүүх Мексикийн мансууруулах бодисны зартай наймаачин "Эль Чапо" хочтой Хоакин Гусманд бүх насаар хорих ял болон дахин 30 жилийн хорих ял ногдуулсны зэрэгцээ 12.6 тэрбум ам.доллар төлөхийг шаардсан байна.
Саарал хослол,
хар зангиа зүүсэн Х.Гусман ял сонсохоосоо өмнө 10 орчим минут үг хэлэхдээ, энд
ямар ч шударга ёс алга хэмээжээ. Мексикийн шоронгоос хоёр удаа оргож байсан Эль
Чапо “амьдралдаа үзсэн хамгийн
хэрцгий нөхцөлд байлаа” гэж Нью-Йоркийн шоронг шүүмжилжээ.
Өдгөө 62 настай Х.Гусманыг өнгөрсөн хоёрдугаар сард 10 зүйл ангиар буруутгаж, бүгдэд нь холбогдолтой болохыг тогтоосон юм. Түүнийг кокаин, героин тээвэрлэсэн, галт зэвсэг хууль бусаар эзэмшсэн болон мөнгө угаасан зэрэгт буруутгасан байна. Хууль сахиулагчид Х.Гусманыг мансууруулах бодисын “Синалоа” картелийн удирдагч хэмээн үздэг аж.
2001 онд Мексикийн шоронгоос хувцасны сагсанд нуугдан оргож байсан Х.Гусман
2014 онд баривчлагдахын өмнө өөрийн төрсөн муж болох Синалоад амьдарч байжээ. Тэрбээр 2015 оны 11 дүгээр сард
шоронгоос хонгилоор дамжин дахин
оргож, таван сарын дараа баривчлагдсан байна. Мексикийн эрх баригчид Х.Гусманыг 2017 онд АНУ-д шилжүүлэн өгч байжээ.