Зөвшилцлийн ажлын багийг Монгол Улсын Ерөнхийлөгч даргална

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2019-07-18 14:57:40
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах УИХ-ын 62 гишүүний өргөн барьсан хуулийн төсөлд Ерөнхийлөгчийн мэдүүлсэн төслийн саналыг зөвшилцөх "Ажлын баг байгуулах" тогтоолын төслийг хэлэлцэв.


Тогтоолын төсөлд, Ажлын багийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга даргалж, орлогч даргаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх, нарийн бичгийн даргаар УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогтыг томилохоор тусгажээ. Гишүүдэд УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Д.Эрдэнэбат, Ө.Энхтүвшин, Ц.Нямдорж, С.Эрдэнэ нарыг оруулсан байна.


Тогтоолын төсөлтэй холбоглуулан УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа урьд нь ийм жишиг байсан эсэхийг тодруулав. Байнгын хорооны дарга С.Бямбацогт, "1992 онд батлагдсан шинэ Үндсэн хуулийн төслийг боловсруулах, хэлэлцүүлэхэд анхны Ерөнхийлөгч ажлын багийг нь ахалж байсан. Иймээс зөвшилцлийг хангах, аль болохоор нэгдсэн ойлголт, нэгдмэл байр суурьт хүрэх үүднээс Ажлын багийг Ерөнхийлөгчөөр ахлуулах нь зөв гэж үзэж байна" гэв. Дээрх саналыг Монгол Улсын Ерөнхийлөгч зарчмын хувьд зөвшөөрчээ. 


Ингээд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8 хувийн саналаар тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж батлуулахаар тогтлоо.

Холбоотой мэдээ