Монголын тээвэрчид БНХАУ-ын нутгаар дамжин далайн боомт хүрнэ

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2019-07-19 10:40:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Азийн автозамын сүлжээгээр олон улсын автотээвэр хийх Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн Хамтарсан хорооны хурал БНХАУ-ын ӨМӨЗО-ны Манжуур хотноо боллоо.

Хуралд Монгол Улсын ЗТХ-ийн дэд сайд Л.Халтар, БНХАУ-ын Тээврийн дэд сайд Лью Шаомин, ОХУ-аас Тээврийн яамны Автотээвэр, хотын зорчигч тээврийн төрийн бодлогын газрын дарга А.С.Бакирей нар ахлан оролцов. Мөн хуралд НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын Тээврийн хэлтсийн дарга Рэн Вэй Минь оролцлоо.

Хамтарсан хорооны анхдугаар хурлаар хорооны төлөөлөгчийг батлах, 2020 онд ашиглах зөвшөөрлийн бичгийн тоог тохирох, Азийн автозамын сүлжээний АН-4 коридорын дагуух тээврийн маршрутыг нээх талаар хэлэлцэж, санал нэгдэв.



Өмнө нь хэлэлцэн тохиролцсоны дагуу БНХАУ-ын талаас хэлэлцээрийн хүрээнд 2019 онд олон улсын автотээвэр гүйцэтгэх зөвшөөрлийн бичгийг Монгол, ОХУ-ын талд хүлээлгэн өгсөн юм. Ингэснээр хэлэлцээр бүрэн утгаараа хэрэгжиж, Монгол Улсын автотээвэрчид өөрийн тээврийн хэрэгслээр Азийн автозамын АН-3 сүлжээ буюу БНХАУ-ын Тяньжин-Улаанбаатар- ОХУ-ын Улаан-Үд болон Азийн авто замын АН-4 сүлжээ болох БНХАУ-ын Хонгираф-Үрэмчи–Ховд–Баян-Өлгий-Барнаул-Новосибирск хотын чиглэлд тээвэрлэлт хийх боломж бүрдэж байна.

Хамтарсан хорооны дараагийн хурлыг 2020 оны эхний хагаст багтаан Монгол Улсад зохион байгуулах аж.

Тодруулга: “Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах  хөтөлбөр” болон Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан “Тээврийн салбарын олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлж, бүс нутгийн дэд бүтэц, тээврийн интеграцид нэгдэн орох замаар дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлэх зорилтын хүрээнд “Азийн авто замын сүлжээгээр олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тухай Монгол, Орос, Хятад гурван улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг 2016 оны 12-р сард байгуулсан юм.

 

Холбоотой мэдээ