Тариалалт нэмэгдсэнээр арвин ургац хураах боломжтой гэв

Орон нутагт | Дархан-Уул
myagmarsuren@montsame.mn
2019-07-22 16:24:24

Завхан/МОНЦАМЭ/.Завхан аймгийн хэмжээнд нийт 3371.1 га талбайд тариалалт хийснээс үр тариа 1713.0 га-д, төмс 204.0 га-д, хүнсний ногоо 157.8 га- д, малын тэжээл 1296.3 га тус тус тариалалт хийжээ.

Өмнөх оны мөн үеийнхээс нийт тариалсан талбай 900.1 га буюу 36.4 хувиар өсжээ. Үүнээс үр тарианых 233.0 га, хүнсний ногоо 20.0 га, малын тэжээл тариалсан талбай 651.3 га буюу хоёр дахин өссөн байна.

Харин энэ жил төмсний тариалалт 4.2 га-аар буурсан аж. Гэлээ ч энэ жил нийт тариалалт нэмэгдсэнээр арвин ургац хурааах боломжтой хэмээн аймгийн ХХААГ-аас мэдээлэв.

Газар тариалангийн үйлдвэрлэлийг эрчимжүүлэх, усалгаатай тариалангийн талбайг нэмэгдүүлэх зорилгоор аймгийн хэмжээнд газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжин хамтран ажиллаж байна.

Тухайлбал,тариаланчдыг техник тоног төхөөрөмжөөр хангах, сармис, шинэ сортын төмс, хүнсний ногооны үрийг гэрээлэн олгох ажлыг хийжээ.

Ингэснээр энэ жил хүн амын хэрэгцээт гурилын 30 хувь, төмс хүнсний ногооны 70-аас доошгүй хувийг орон нутагтаа үйлдвэрлэхээр төлөвлөөд байгаа аж.

Газар тариалангийн үйлдвэрлэлийг бодлогоор дэмжсэнээр орон нутагт энэ салбарт ажиллах хүний тоо  эрс нэмэгджээ.

Өнөөдрийн байдлаар 160 гаруй тариаланчид хүнсний ногоо, саримс, сонгино, хүлэмжийн аж ахуйг эрхэлж байна. Өнгөрсөн жил гэхэд Улаанбаатар хотноо болсон "Эрүүл монгол хүнс 2018", "Алтан намар" үзэсгэлэн худалдаанд Завханы таван аж ахуйн нэгж амжилттай оролцсон бөгөөд Улиастай, Алдархаан, Тосонцэнгэл сумаас таван аж ахуйн нэгж, хоёр иргэн нийт 39 нэр төрлийн бүтээгдэхүүнээр оролцсон байна.

Үзэсгэлэн худалдаанд оролцсон иргэн, аж ахуйн нэгжүүд нийт 16.6 сая төгрөгийн борлуулалт хийсэн аж. Тосонцэнгэл сумын иргэн Ж.Сосорбарам эмийн ургамлын суулгац, байгалийн жимс тарьж ургуулсан төрөлд "Шилдэг жимсчин" өргөмжлөл хүртсэн тухай аймгийн ХХААГ-аас мэдээлэв. 

Холбоотой мэдээ