"Бээжин хотын өдрүүд" өдөрлөг анх удаа болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-07-22 16:38:45
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Улаанбаатар хотноо анх удаа "Бээжин хотын өдрүүд" өдөрлөг өнгөрсөн амралтын өдрүүдэд болов.


Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жил, Улаанбаатар, Бээжин хотууд найрамдалт харилцаа тогтоосны таван жилийн ойн хүрээнд тус өдөрлөгийг НЗДТГ, Бээжин хотын Ардын Засгийн газар хамтран зохион байгуулжээ. 



Өдөрлөгт нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Э.Содномжамц, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин, Бээжин хотын Намын хорооны нарийн бичгийн даргын орлогч Ли Биюу нар оролцов.


Өдөрлөгийг нээж нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх хэлэхдээ, “Монгол Улс, БНХАУ-ын сайн хөршийн иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа сүүлийн жилүүдэд  бүхий л салбарт хөгжиж байна. Улаанбаатар хот Бээжин хоттой худалдаа эдийн засаг, соёл, боловсрол, эрүүл мэнд болон бусад салбарт бүх талын харилцааг хөгжүүлэх боломжтой хамгийн ойр хөрш юм. Манай хоёр хот агаарын болоод авто, төмөр зам зэрэг дэд бүтцээр холбогдсон,  харилцахад хамгийн дөт замтай хөрш орон. Цаашид хоёр хотын хамтын ажиллагаа бүхий л салбарт өргөжин дэвжинэ гэдэгт итгэлтэй байна” хэмээлээ.


БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин энэ үеэр “Улаанбаатар, Бээжин хотууд найрамдалт харилцаа тогтоосны 5 жилийн ой тохиож байгаад таатай байна. Монгол Улсын нийгэм, эдийн засаг сүүлийн жилүүдэд хурдтай хөгжиж байна. Энэхүү арга хэмжээг санаачлан зохион байгуулсан Улаанбаатар хотын удирдлагуудад талархаж байна” гэв.



Энэ үеэр Бээжин хотын өв соёлын үзэсгэлэн болон эко, ногоон гэрэлтүүлгийн үзэсгэлэнг Соёлын төв өргөөнд олон нийтэд танилцуулж, урлагийн тоглолт болов.

Холбоотой мэдээ