Бээжин хоттой эрчим хүчний салбарт хамтран ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2019-07-23 15:10:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жил, Улаанбаатар, Бээжин хотууд найрамдалт харилцаа тогтоосны таван жилийн ойн хүрээнд Бээжин хотын Эрчим хүчний хэмнэлт, байгаль орчныг хамгаалах төвийн төлөөлөгчид Улаанбаатар хотод ажиллалаа.


Байгалийн нөөцийг хэмнэх дэвшилтэт технологийг нутагшуулах уулзалтад Нийслэлийн Байгаль орчны газрын дарга Э.Баттулга тэргүүтэй нийслэлийн болон Эрчим хүчний хөгжлийн төвийн төлөөлөл, БНХАУ-ын Бээжин хотын Эрчим хүчний хэмнэлт, байгаль орчныг хамгаалах төвийн дарга Жин Хунбинь тэргүүтэй төр, хувийн хэвшлийн байгууллагын төлөөлөгчид оролцов. Уулзалтаар хоёр хотын эрчим хүчний хэмнэлт болон байгаль орчныг хамгаалах чиглэлийн харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар санал солилцлоо.


Бээжин хот нь гудамжны болон байгууллага, өрхийн гэрэлтүүлгийн шийдэлд онцгой анхаарч, гар утсаар удирдах боломжтой, орчноо мэдэрч хэрэглээгээ өөрөө тохируулдаг ухаалаг гэрэлтүүлгийг нэвтрүүлэхийн хамт гэрлээр мэдээлэл дамжуулах, удирдах боломжтой "li-fi" төхөөрөмжийг нийтийн авто зогсоол, сургууль, худалдааны төвүүдэд туршиж байгаа юм байна. Мөн хотын агаарын бохирдлоос шалтгаалан иргэд ихээр хэрэглэх болсон агааржуулагч төхөөрөмжүүдэд өвлийн улиралд 26 хэм, зуны улиралд 20 хэм байх хязгаар тавьснаар эрчим хүчний хэрэглээг 20 хүртэлх хувиар хэмнэж чаджээ.


Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах дэлхий нийтийн хүчин чармайлтыг хэрэгжүүлэхэд эрчим хүчний хэмнэлт зонхилох үр нөлөөтэй тул иргэдээ боломжит арга замуудаар эрчим хүчээ хэмнэхийг дэлхийн улс, хотууд уриалж байна. Тухайлбал, Европын холбоо 2018 оны есдүгээр сарын 01-нээс улайсдаг гэрлийн чийдэн үйлдвэрлэх, борлуулахыг хориглосон. Айл өрхийн хувьд таван ширхэг улайсдаг чийдэнг 50 мянган цаг ашиглахад 1 сая 726 мянга 500 төгрөгийн зардал гардаг бол өдрийн гэрэл буюу CFL 529 мянга 350, LED гэрэл 485 мянга 250 төгрөгийн зардал гардаг байна. Улайсдаг гэрлийн ашиглалтын зардал 1200 цаг байдаг бол  CFL нь 10 мянга, LED гэрэл 50 мянган цаг байдаг аж. Иймд улайсдаг чийдэнг хэрэглэхгүй байхыг Нийслэлийн Байгаль орчны газраас уриалсан юм.

Холбоотой мэдээ