Адаацаг сумын түүхт 60 жилийн ойн баяр наадам болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-07-24 12:01:45
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Адаацаг сумын түүхт 60 жилийн ойн баяр наадам долдугаар сарын 27-ноос 28-нд болно.

Наадмаар 60 жилийнхээ түүхэн замнал, амжилтаа дүгнэх баярын хурал, хүндэтгэлийн тоглолт, шагайн харваа, бөхийн барилдаан, сур харваа, зургаан насны морьдын уралдаан болохоос гадна ижил морьтой, сайхан эмээл хазаартай хос шалгаруулах ажээ.

Адаацаг сум түүхт ойгоо угтаж  гэр хорооллын хашаагаа жигдлэх, аж ахуйн нэгж байгууллагууд өөрийн хөрөнгөөр байрныхаа гадна талыг засч тохижуулах зэрэг бүтээлч ажил хийжээ.

Сум ОНХС-гийн хөрөнгө оруулалтаар хувийн орон сууцнууддаа гадна засвар хийж, ахмадын дурсгалын самбар байгуулж, гэр хорооллоо гэрэлтүүлэгтэй болгосон байна.

Адаацаг сумын түүхт 60 жилийн ойн баяр наадамд  Дундговь аймгийн Төв халхын дуулалт жүжгийн театр, Дуу бүжгийн эрдмийн чуулгын жүжигчид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож, наадамчдад уран бүтээлээ  хүргэнэ.

Сумынхаа түүхт 60 жилийн ойд зориулан “Адуут нутгийн эгшиглэн” дуу бүтээсэн нь ойдоо зориулан хийсэн хамгийн том ажил аж. Дууны үгийг Ц.Эрдэнэбаатар, аяыг Г.Төвшинтөр зохиож, Дундговь аймгийн “Дуурьсал” хамтлаг дуулж, олны хүртээл болгожээ.

Холбоотой мэдээ