Б.Жонсоныг олон сорилттой тулгарна хэмээн үзэж байна

Дэлхийд | Улс төр
khulan@montsame.gov.mn
2019-07-24 11:46:12

ЛОНДОН. /BBC/. Их Британийн шинэ Ерөнхий сайдаар сонгогдсон Борис Жонсон олон сорилттой тулгарна хэмээн үзэж буйгаа Европын Холбооны /ЕХ/ удирдагчид илэрхийлжээ.


Их Британи ЕХ-ноос ирэх 10 дугаар сарын 31-ний өдөр гарахаар тохиролцсон тул Б.Жонсон уг асуудлыг нэн даруй зохицуулах шаардлагатай болж байгаа юм. Тэрбээр хэлэхдээ, Их Британи ЕХ-ноос гарах талаарх гэрээг ЕХ-той дахин хэлэлцэх хүсэлтэй байна гэжээ. Харин ЕХ-ны удирдагчдын мэдээлснээр, гэрээг хүчингүй болгох нь дахин хэлэлцээ хийхээс хамаарахгүй ажээ.


Гэсэн хэдий ч “Лондоны засаг захиргаа шалтгаануудаа сайтар тодорхойлсон тохиолдолд “Brexit”-ийн хэлэлцээний хугацааг дахин сунгах боломжтой” гэж Европын комиссын шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Урсула фон дер Лайен хэлсэн байна.


Консерватив намын шинэ даргад АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Германы Канцлер Ангела Меркель, Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон тэргүүтэй удирдагчид баяр хүргэжээ.


Борис гэж хэн бэ?


Александр Борис де Пфеффель Жонсон 2001 оноос парламентын гишүүн байсан хэдий ч 2008-2016 онд Лондон хотын даргын албан тушаалыг хашсанаасаа хойш олон нийтэд танигджээ.


АНУ-ын Нью-Йорк хотноо төрсөн Б.Жонсон 2017 онд АНУ-ын иргэншлээсээ татгалзах хүртэл Америк, Британийн давхар иргэншилтэй байжээ. II Жорж хааны удам угсаа гэгддэг тэрбээр бага байхаасаа “дэлхийн хаан” болохыг хүсдэг байсан талаар олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлдэг байна.


Eton College” хувийн сургууль болон “Oxford” их сургуулийг дүүргэсэн Б.Жонсон улс төрд орохоосоо өмнө сэтгүүлч байжээ. Тэрбээр "The Times", "The Daily Telegraph", "Telegraph", "The Spectator" зэрэг сонин, сэтгүүлд тус тус ажиллаж байв.


Б.Жонсон сэтгүүлчээр ажиллах хугацаандаа хэлсэн үгийг гуйвуулсныхаа төлөө ажлаасаа халагдаж байсны зэрэгцээ Брюссельд ажиллах хугацаандаа Европын нэгдлийг шүүмжилсэн нийтлэлүүд гаргаж, олны анхаарлыг татаж байжээ.


Сүүлд улс төрч, Лондон хотын дарга болсон Б.Жонсон 2016 онд Их Британийн ЕХ-ноос гарах асуудлаарх бүх нийтийн санал асуулгын өмнө “Brexit”-ийг дэмжигч болжээ. Тэрбээр “ЕХ-ноос гаръя” кампанит ажлыг дэмжиж байгаагаа зарлахын өмнө аль талыг дэмжихээ шийдээгүй байсан хэмээн олон нийт таамагладаг байна.


2016 оны зургадугаар сард бүх нийтийн санал асуулгын дүн гарч, Ерөнхий сайд асан Дэвид Камерун албан тушаалаасаа огцорсны дараа Б.Жонсон Гадаад хэргийн сайдаар томилогджээ. Гэсэн хэдий ч тэрбээр 2018 онд Т.Мэйн “Brexit”-ийн талаарх хандлагыг эсэргүүцэж, ГХ-ийн сайдын албан тушаалаасаа огцорсон билээ. Б.Жонсоныг Ерөнхий сайд болвол огцорно гэдгээ хэд хэдэн сайд илэрхийлээд байгаагийн дунд Сангийн сайд Филип Хаммонд тэргүүтэй төлөөлөгчид багтаж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор Б.Жонсон одоо сайд нарыг шинээр томилох шаардлага үүсэж байна. 

Холбоотой мэдээ