Монголын шилдэг анч нохдыг шалгаруулна

Орон нутагт | Хэнтий
odontungalag@montsame.mn
2019-08-01 13:26:42

Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн ЗДТГ-ын ивээл дор "Монгол тайга" нохойн наадам наймдугаар сарын 10-нд Хэрлэн голын хөвөөнөө болно. Наадамтай холбогдуулан Тайга нохой буюу талын айлын үнэнч андын тухай таван баримт хүргэе.

Тайга нохой сонирхон тэжээгч, Хэнтий аймгийн Батноров сумын иргэнтэй хэдэн хором ярилцаж нохойн тухай сонирхолтой мэдээлэл авсан юм.

Түүний нохой ганцаараа 37 чоно агнасан аж. Нас нь залуу,бөгөөд 2017 оны есдүгээр сард Улаанбаатар хотноо зохион болсон Тайга нохойн улсын аварга шалгаруулах тэмцээний ялагч, анч, уралдаанч нохой аж. 

Нэг. Олон зууны тэртээ эртний Монголын хаадын үнэнч хамгаалагч байсан тайгын нохойн тухай хүмүүс төдийлөн сайн мэддэггүй гэх. Хубилай хааны үеэс уламжилсан түүхэн зургаас сонирхоход ан хийж яваа тайгын нохойн дүрслэл түлхүү харагддаг аж. Монгол тайга нохой нь амьдарч буй газар нутгийн онцлогоос хамааран олон газраар тархсан гэдэг бөгөөд Оросын Борзо тайгад нохойн бас нэг төрөл амьдардаг гэнэ.

Хоёр. Өнгөрсөн хугацаанд цөөн хэдэн нутгийн анчин тайгын нохой өсгөж, үржүүлэн явсаар өдийг хүрчээ. 11 дүгээр сард цаг агаар хүйтэрч эхэлмэгц тайгын нохойн ороо ордог ба идэр есийн хүйтэнд гөлөглөнө.

Гөлөг байхаасаа нүүдлийн аж ахуйг дагана тэсвэр хатуужил сууж хүч чадал ихтэй нохой болон өсдөг. Өвлийн гөлөг зундаа хулгана, оготно барьж идэх бөгөөд намар нь илүү том анд явна. Есөн сартай гөлгөн нохой ганцаараа чоно барьж байсан  түүх бий гэсэн.

Гурав. Ховор үүлдрийн нохойгоо хамгаалах, олон нийтэд таниулах үүднээс Батноров сумынхан Тайга нохойн уралдаан тэмцээн зохиож байсан түүхтэй. Малчдын үнэнч анд тайга нохойн уралдааныг өнгөрсөн жил зохион байгуулж байв. Энэ арга хэмжээнээс улбаалан хүмүүс тайга нохойг мэддэг болжээ.

Дөрөв. Тайга нохойн тухай өөр нэг сонирхолтой баримт байна. 1990-ээд онд ганцхан тайга нохойтой, ганц морьтой айл байж. Өглөө гараад л арав гаруй тарвага барина. Намраар зээрийн анд гарна. Үнэг, хярс барихад нь арьсаар нь лоовууз малгай хийж өмсөнө. Ганцхан охин нохой нэг айлын амьжиргааг залгуулдаг байсан түүхийг хүмүүс ярих.

Тав. Монголчуудын ан авлах ухаан их нарийн. Намар болохоор чоно мал руу гэтэх нь ихэсдэг. Малчид тайга нохойгоо дагуулан чонын анд гардаг бөгөөд чоно авлах ухаан нарийн дэг жаягтай. 


Холбоотой мэдээ