“Уяхан замбуутивийн наран” урлагийн наадам Дундговь аймагт болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
192@montsame.mn
2019-07-31 16:20:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Уяхан замбуу тивийн наран" урлагийн их наадам ирэх сарын 9-11-нд Дундговь аймагт болно.

Урлагийн их наадмын үеэр 3000 уртын дууч, морин хуурчдын “Мөнх тэнгэртээ өргөх дуун цацал” нэгдсэн тоглолт болох юм.

Гурвансайхан сумын нутаг дахь Их газрын чулууны байгалийн задгай театрт болох энэхүү урлагийн их наадам нь дуу хуурын өлгий Дундговь аймгийг зөвхөн Монгол Улсад төдийгүй дэлхийн хэмжээнд сурталчлах томоохон үйл ажиллагаа болно гэж зохион байгуулагчид үзэж байна.

Мөн үеэр Монгол туургатны язгуур урлагийн “Эх ундарга” тоглолт, “Уран үгсийн чуулган” яруу найргийн цэнгүүн, Дундговь аймгаас төрөн гарсан урлаг соёлын алдартнуудын нэгдсэн тоглолт болно. Түүнчлэн “Нар угтах ёслол”, монгол өв соёл, ёс заншил, аж байдлыг харуулсан үзүүлбэр, олон улсын зураачдын уран бүтээлийн “Хөх салхи” үзэсгэлэн, бэсрэг наадам, айрагны баяр, “Монгол хувцас” загварын шоу болох аж.

Их газрын чулуу нь Монголын анхны задгай театр бөгөөд Зууны манлай уртын дуучин Н.Норовбанзадын нэрэмжит театр юм. Байгаль дээрх задгай театрын тайзны диаметр нь 18 метр буюу радиус нь есөн метр бөгөөд газраас 1.4 метр өндөрт байрладаг. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин, Зууны манлай уртын дууч Н.Норовбанзад нарын нэр алдрыг мөнхжүүлэх зорилгоор гэрэлт хөшөө босгож, “Уяхан замбуу тивийн наран” уртын дууны үгийг сийлсэн байдаг.

Б.Болд

Холбоотой мэдээ