Ч.Долгорсүрэн: Сайхан айрагтай байгаа нь нутаг усны буян хишиг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2019-08-07 11:54:45

Булган /МОНЦАМЭ/. Булган аймгийн Сайхан сумын өндөр настан Чүлтэмийн Долгорсүрэнтэй уулзлаа. Тэрээр мал зүйч мэргэжил эзэмшин, нутаг усандаа олон жил үр бүтээлтэй ажилласан төрийн ахмад алба хаагч юм. 

- Намрын эхэн сар гарлаа. Энэ жил зуншлага  ямархуу байв?

- Хур бороотой сайхан жил болж байна. Сүүлийн жилүүдэд ургаагүй ногоо ургамлууд харагдаж байна. Бараг үгүй болох шахсан өвс ургамал хүртэл ургасан. Тэгэхлээр дэлхий дэлгэнэсэн сайхан зун боллоо.

Хөрс шороо алтан дэлхий маань хэвлийдээ  өвс ургамалаа хадгалаад байдаг юм байна. Одоо цагт орсон бороо хөрсөнд чийг өгч ногоо өтгөрөөд нялхардаг боловч өндөр болж ургадаггүй. Ургамлын болц гүйцээд үрээ цацвал хойтон жил эргээд байгальд өтгөн өвс ургамал ургана.

Сүүлийн жилүүдэд ургамал гүйцэд ургахаа байсан. Зуны адаг сард бороо орсноор ургамал нялхарч ургаж амжаагүй байтал намрын сэрүү орж хагдраад унадаг. Үр хөрсөн дээрээ унаж чадахгүй учраас ургамлын өсөх нөхцөл үгүй болж цөлжилт буй болоод байна. 

- Та мал зүйч мэргэжилтэй. Олон жил нэгдэл болоод сумын ЗДТГ-т мэргэжлээрээ ажилласан. Сайхан сумын адууны онцлог юу байдаг бол?

- Би өөрөө адуунд дуртай учраас хуучнаар Нэгдэл байхад Хэнтий аймгаас 50 үрээ, 50 байдас нийт 100 адуу машинаар авчирч нутгийнхаа адууг сайжруулсан.

Тиймээс манай адуу цус холдож чанар сайтай тэсвэртэй болсон. Манай сумын адууг ашиг шим ихтэй бие жижигтэй  гэж ярьдаг. Нутгийн байгаль цаг уур, хатуу ширүүн хөрснөөс болоод ч тэр үү адуу жаахан жижигдүү байгаа тал бий. Хэнтий, Сүхбаатар нутгийн адуутай цус холилдсон учраас тэсвэртэй,  ашиг шим сайтай болсон доо.

- Нутгийн брэнд айрагны тухай ярихгүй байж болохгүй. Сайханы айраг сайхан байдгийн учир юунд байна?

- Энэ нутгийн айраг яагаад тийм сайхан амттай байдаг юм бол гэхээр Булган нутгийн ургамал, айраг боловсруулдаг технологи юм.

Технологи байгаад айраг болохгүй. Орхон аймгийн ойролцоо манайхан 4-5 суурь адуутай очоод айраг олигтой исээгүй.Сайхан айраг исгэж чадаагүй. Унага татдаг хүүхэд, айраг бүлдэг охин, саальчин, манадаг адуучин, идээшсэн адуу нь байна.

 Адуучид маань манайх айргаа хийж чадахгүй байна гээд манайхаас хөрөнгө аваад явсан. Айраг нь исээгүй. Уухлаар шингэхгүй гэдэс цэрдийлгээд байдаг. Тэр газраасаа нүүгээд нутагтаа ирэхэд л айраг сайхан исэж байх жишээтэй. Нутгийнхаа ургамал, байгаль газар орон чухал юм. Богинохон тачир өвс шим тэжээл ихтэй байх шиг байна. 

- Айраг исгэх технологи бий?

- Энэ нутгийн ард түмэн айргаа маш их дээдэлдэг. Айргаа “халчих вий, хөрчихвий” гэж их бөөцийлнэ. Зуны халуунд айраг халвал хөвөнтэй дээл норгож байгаад хөхүүрээ орооно. Сэрүүн болоод хөрөх гээд байвал зуухныхаа хажууд дөхүүлээд тавина. Айргийг их бөөцийлж байж тос хөвсөн сайхан айраг гаргаж авна. Гэхдээ нэг дутагдалтай тал бий.

- Юу юм бол?

-Сайхан айраг хийдэг ард түмэн мөртлөө айрагны хөрөнгө гаргаж мэддэггүй. Хуучны хүмүүс айрганы хөрөнгө гаргаж авахын тулд цоорын навчны улаан ишийг авч, ямааны тарагтай хутгаад, тэмээний ширээр хийсэн борвинд хийж, номхон моринд ганзагалаад шогшуулчихдаг.

Одоо энэ аргаар айрагны хөрөнгө гарга гэвэл мотоциклиор авч давхих байх л даа. Моринд ганзагалсан ямааны тараг шогшоонд бүлэгдэж, морины халуун бөөр төөнөж хөрөнгө исэхэд дэм болно. Гурав хоног шогшоод гэртээ оруулж ирэхээр нар дагуулж ээж байж байгаад ямааны тарагнаас айрагны хөрөнгө гаргадаг байсан. Адуучид байгаа боловч хөрөнгө гаргаж чадахгүй байгаа. Одоо морь унадаг хүн байхгүй боллоо.

- “Айраг байна уугаач ээ” гэсэн заллага энэ нутгаас гарсан байх шүү.

- Манай нутгийн ард түмэн зун болохоор тавагтай идээ тавьдаг айл байхгүй. Айргаа дээдэлдэг. Айргаа цэлэлзтэл сайхан барьдаг. Дугараа барина. Тэгээд жаахан ахивал найран дээр хэсэг суугаач гэдэг. Зах зээлийн үе гээд хэдэн литр айраг борлуулж сурчээ. Дээхнэ үед таван литр айраг авья гэхэд “Байхгүй” гэсэн мөртлөө тав байтугай тавин литр айраг сөгнөдөг тийм л заншилтай байсан юм.  

 -Сайхан сум аваргуудын нутаг. Сүүлийн үед бөхчүүд аварга төрсөн нутагт их хүндэтгэл үзүүлээд байх шиг санагддаг?

- Сайхан уулаа их шүтнэ. Олимпийн аварга Түвшинбаярын аав Найдан утасны сүлжээ муу байх үед Сайхан уулынхаа орой дээр гарч хүүгийнхээ амжилтыг мэдчихээд бууж гэртээ ирээд, догдлоод эргэж дахиж ууланд дээрээ гараад хүүгийнхээ барилдааны талаар сонсож байсан гэдэг.

Азжаргал улсын арслан болох жилээ Сайхан сумын уулын овооны наадамд ирээд нэгийн даваанд унасан ч дэвжээг нь дээдлээд явсан.Тэгээд удалгүй улсын арслан болсон. Азжаргалын эцэг аймгийн арслан Дагвадорж манай нутгийн Жаргалантын хүн. Гурван хүү нь улс, аймгийн арслан болсон. Ховор тохиолдол шүү.

Энэ ууланд бөхчүүд их ирдэг. Саяхан домогт их аварга Намхайн хөшөөний нээлт дээр Г.Эрхэмбаяр аварга ирж өвдөгнөөс адис аваад мөргөөд явсан. Сайхан хүндэтгэл шүү.

Х.Баянмөнх аварга ирж амарч байсан. Яагаад хоёр домогт их аварга Намхай, Лувсанжамбаа нарын төрсөн нутагт очоод уснаас нь ундаалаад ууланд нь мөргөж болдоггүй юм бэ гэж ярьж байсан. Их аваргуудын төрсөн нутгийн уул надад хүнддэнэ гээд гараагүй, хормойд нь очиж мөргөчихөөд явсан.

- Сайханыхан наргианч байх аа

- Манайхан яхирдуу хүнийг гоочилдог өөлдөг ард түмэн л дээ. Ер нь Сайханыхан их босоо үгтэй. Хүнтэй анх мэндлээд мэдэгдэнэ. Тэгээд тулаад ирэхээрээ илүү дотно болдог. “Ижий ахаа” гээд бүр илүү дотносно. Энд ирсэн дарга нар эхлээд ажиллахад хэцүү байсан ч ижил дасал болоод ирэхээрээ төрсөн ах дүү шиг болоод л буцдаг.


Холбоотой мэдээ