ХӨСҮТ-ийн мэргэжлийн эмч нарыг дүүргийн эмнэлгүүдэд хяналт тавьж ажиллах чиглэл өгөв 

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2016-04-05 16:25:55

ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа өнөөдөр ХӨСҮТ-д ажиллалаа.

Улаанбурханы өвчлөл буурахгүй байгаатай холбогдуулан өнгөрсөн долоо хоногт Эрүүл мэнд, спортын сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатар мөн ажиллаж тодорхой үүрэг чиглэлийг өгсөн билээ. Харин өнөөдөр Төрийн нарийн бичгийн дарга С. Ламбаа ажиллаж,  ээлжинд гарч байгаа эмч сувилагчдын хүрэлцээг дахин нэмэгдүүлэх, сэхээн амьдруулах тасагт  амьсгалын аппарат, хяналтын монитор зэргийг шуурхай нийлүүлэх шаардлагатай гэсэн тус төвийнхний санал хүсэлтийг хүлээн авлаа. Мөн тус төвийн мэргэжлийн эмч нарын багийг дүүргийн эмнэлгүүдэд тогтмол очиж улаанбурхан өвчнийг хэрхэн оношилж эмчилж байгаад хяналт тавин ажиллах чиглэл өгөв. Ингэснээр өвчлөлийн улмаас ХӨСҮТ-д ирж байгаа ачааллыг  багасгаж дүүргийн эмнэлгүүд хоёр дахь шатлалдаа өвчнийг оношилж эмчлэх ажил эрчимжинэ гэж үзэж байна.

Өнөөдрийн байдлаар тус төвд нийт 636 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 430 нь улаанбурхан өвчний улмаас хэвтэн эмчлүүлж байна.

Засгийн газрын хуралдаанаар улаанбурхан өвчний дэгдэлтийг бууруулах талаар хэлэлцэн 159-р тогтоол  гарган  өвчлөл өндөр бүртгэгдэж байгаа 18-30 насныхны нэмэлт дархлаажуулалтад шаардагдах зардал болох 948 сая төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гарган дархлаажуулалтыг зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Энэ зардлаар 627 500 хүн/тун вакцин, дагалдах хэрэгслийн хамт авна. 3 дугаар сарын 17-нд НҮБ-ын Хүүхдийн санд вакциныг албан тоотоор захиалж, яаралтай нийлүүлэх арга хэмжээг авахаар болсон. 350 сая төгрөгөөр  шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг цаг хугацаа алдалгүйгээр шууд худалдан авалтаар зохион байгууллахаар ажиллаж байгаа аж.

Ж.Болор

 

 

Холбоотой мэдээ