Олон улсын цэргийн багийнхан эмнэлэгт тоног төхөөрөмж хүлээлгэн өгөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-08-06 12:52:36
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Номхон далайн элч-2019" хүмүүнлэгийн  сургалт, дадлагын хаалт Төв аймгийн Сүмбэр суманд өчигдөр боллоо. Энэ үеэр, олон улсын цэргийн багийнхан тус сумын соёлын төв, сургуулийн дотуур байрт засвар хийж, эмнэлэгт зарим шаардлагатай тоног төхөөрөмж суурилуулснаа хүлээлгэн өгөв. 

 


Манай улсад гурав дахь удаагаа зохион байгуулсан дээрх сургалт, дадлагын хаалтад УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Майкл С. Клечески нар оролцлоо. Долдугаар сарын 29-нөөс наймдугаар сарын 5-нд зохион байгуулсан сургалт, дадлагад АНУ, Австрали, Балбын Вант улсын зэвсэгт хүчнийхэн оролцсон бөгөөд олон нийтийг хамарсан гамшиг ослын үед эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хэрхэн үзүүлэх, иргэн цэргийн харилцааг идэвхжүүлэхэд чиглэв.



Сэлэнгэ аймгийн Баянгол сум, Төв аймгийн Сүмбэр сумын нутагт зохион байгуулсан нь орон нутагт иргэн цэргийн харилцааг бэхжүүлээд зогсохгүй улс орнуудын цэргийн итгэлцлийг бэхжүүлэхэд том алхам болсон гэдгийг Батлан хамгаалахын сайд Н.Энхболд онцолсон. Мөн "Номхон далайн элч-2019" хүмүүнлэгийн сургалт дадлагыг зохион байгуулахад голлох үүрэг гүйцэтгэсэн АНУ-ын Энэтхэг, Номохон далайн Агаарын цэргийн командлал, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүнд талархал илэрхийлсэн юм.


Төсөв, хөрөнгө оруулалт хангалттай хүрэлцдэггүй сумын эмнэлэг, сургуулийн дотуур байр, соёлын төвийн засварыг хийж өгсөнд орон нутгийн удирдлага, иргэд талархал илэрхийлж, цэргийн багийнхныг үдэж өглөө.







Холбоотой мэдээ