“Буянт голын хүүхдүүд” аян өрнүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-08-08 16:24:10

Ховд /МОНЦАМЭ/. Буянт гол дагуу 650 гаруй айл өрх зусланд гарчээ. Эдгээр айл өрхийн хог хаягдал, нүхэн жорлонгийн асуудлыг иргэдийн оролцоотой шийдвэрлэх, байгаль орчиндоо ээлтэй байлгах, жишиг тогтоох, голын усанд тээврийн хэрэгсэл, хивс, хувцас угаадаг буруу үйлдлийг  таслан зогсоох, голын усны бохирдлыг багасгах зорилгоор “Буянт голын хүүхдүүд” аяныг зуны турш  өрнүүлж байна. 

Аяныг Дэлхийн байгаль хамгаалах сан, аймгийн Хүүхдийн нэгдсэн зөвлөл, "Ховдын мэдээ" сонин, "Байгаль сэтгүүлч" клуб, Жаргалант сумын ЗДТГ зэрэг  байгууллагын  холбогдох мэргэжилтэн, сэтгүүлч, хүүхдүүдээс бүрдсэн  ажлын хэсэг  зохион байгуулж буй.  

Зөрчлийн тухай хуультай холбогдуулан “Буянт голын ай сав дагуу дагаж мөрдөх журам” гаргасан. Энэ журмын хүрээнд ажлын хэсгийнхэн иргэдэд байгаль орчныг хамгаалах, голын усны бохирдлоос урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл, уриалга, зөвлөмж  хүргэжээ.

Мөн Буянт гол дагуу 10 нүхэн жорлон байгуулж, 20 орчим хогийн сав, сандал шинээр байршуулсан байна.Үүнээс гадна голын дагуу зусланд гарч буй айл өрхүүдээс сар бүр 10 мянган төгрөгийн хураамж авах болсноор 14 хоног тутамд тогтмол хог хаягдлын цэвэрлэгээ хийж,  долоо хоногт  2-3 удаа айл өрхийн хогийг ачдаг болжээ.

Ажлын үр дүнд Буянт голын усанд машин техник, хувцас, хивс угаах, ил задгай бие засах, хог хаях зэрэг асуудлыг тодорхой хэмжээнд цэгцэлсэн байна.

“Буянт голын хүүхдүүд” аяны ажлын хэсэг “Зуслангаа цэвэрхэн хүлээлгэж өгье” уриалга гаргаж, айл өрхүүд нүүхдээ гэрийн бууриа цэвэрлэхийг зөвлөв.

   







 

 

 

 

Холбоотой мэдээ