Төгсөлтийн уулзалтаар нутгийн иргэддээ гэр олгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-08-08 15:47:09

Ховд /МОНЦАМЭ/.Ховд аймгийн ерөнхий боловсролын сургуулийг 1999 онд төгсөгчид 20 жилийн ойн уулзалтаараа амьдралын боломж тааруу Чандмань сумын  иргэн Ч.Лхагважаргал, Жаргалант сумын Алагтолгой багийн иргэн Э.Далайбаатар нарт таван ханатай монгол гэр  бэлэглэжээ. 

Төгсөгчид санаачилгаараа амьдралын түвшин доогуур “Залуу гэр бүлийг дэмжих хөтөлбөр” зарлан хэрэгжүүлж буй бөгөөд  нийгэмд тустай ажил хийсэнд нутгийн иргэд талархал дэвшүүлсэн байна.

Мөн Жаргалантын лаборатори нэгдүгээр сургуулийн 10 а, б ангийг иж бүрэн тохижуулж байснаас гадна Монголын уламжлалт сар шинийн баяраар нийслэлийн есөн дүүрэгт оршин суугаа Ховд аймгийн харьяат  ахмад настанд хүндэтгэл  үзүүлсэн зэрэг нийгэм, олон нийтэд  чиглэсэн ажлыг санаачлан зохион байгуулж байжээ.

Цаашид ерөнхий боловсролын сургуулийн үе үеийн төгсөгчид нийгмийн хариуцлагынхаа  хүрээнд олон шинэлэг ажил санаачилж зохион байгуулахыг төгсөгчид уриалав. Жаргалант сумын ерөнхий боловсролын таван  сургуулийг 1999  онд 100 гаруй сурагч төгсөж байжээ. 





Холбоотой мэдээ