"Дэлхийн ур чадвар" тэмцээнд оролцох тамирчдад Төрийн далбаа гардуулав

Монголын мэдээ | Спорт
munkhbaatar@montsame.gov.mn
2019-08-12 12:45:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Дэлхийн ур чадвар-2019” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох МСҮТ-ийн баг тамирчдыг хүлээн авч уулзан, амжилт хүслээ. 


"Дэлхийн ур чадвар" 45 дахь удаагийн тэмцээн нь ОХУ-ын Казань хотноо энэ сарын 22-28-нд болох бөгөөд манай улсаас найман мэргэжлийн төрлөөр найман залуу оролцоно. 



Тамирчидтай уулзах үеэр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлэхдээ, "Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарт бэлтгэсэн мянга мянган мэргэжилтэй ажилтнууд эх орныхоо хөгжлийн түүхэн үе бүрт бодит хувь нэмэр оруулсан. Монгол Улс 2014 онд Дэлхийн ур чадварын олон улсын байгууллагын 69 дэх гишүүн орноор элссэн. Хоёр жил тутам болдог энэхүү тэмцээнд анх удаа 2015 онд оролцож байна. Хоёр дахь удаагаа оролцох үеэд гагнуурын мэргэжил “Тусгай байр”-ын шагнал хүртсэн. Мэргэжлийн боловсролын салбарын шилдгийн шилдэг оролцогч та бүхэн ур чадвар, мэдлэг, туршлагаа солилцон, өөрийгөө харуулах, өөрийгөө сорьж нээх энэхүү боломжоо ашиглан 2017 оны амжилтаа бататган, ахиулна гэдэгт найдаж, итгэж байна" гэлээ.



Тэрбээр, бүтээн байгуулалтын баялгийн эзэд болсон эдгээр залуусыг Монгол Улсынхаа туг далбаан дор нэг баг болж, нэг зорилгын төлөө улсынхаа нэрийг дуурсган амжилттай оролцохыг бэлгэдэн Төрийн далбаа гардуулав.


Монгол Улсын Засгийн газраас “Дэлхийн ур чадвар-2019” тэмцээний бэлтгэл ажлыг хангах зорилгоор олон ажил гүйцэтгэсэн байна. Тодруулбал, Монгол Улсын Засгийн Газар болон БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яамны харьяа “Хүний нөөцийг чадавхжуулах төв”-тэй хамтын ажиллагааны гэрээ байгуулан, санамж бичигт гарын үсэг зуржээ. Энэхүү ажлын хүрээнд "К-STAR" буюу зорилтод орнуудад Солонгосын ур чадварын туршлагыг хуваалцах хөтөлбөрийг 2018-2020 онд хэрэгжүүлж байна. Түүчнлэн Засгийн газраас энэхүү тэмцээнд оролцох тамирчдын зардал, бэлтгэл хангахад дэмжлэг үзүүлжээ.



ОХУ-ын Казань хотноо болох “Дэлхийн ур чадвар-2019” тэмцээнд ур чадвараа сорихоор 60 гаруй улс орны 1300-гаад оролцогч 50 гаруй мэргэжлийн төрлөөр өрсөлдөнө. Монгол Улсаа төлөөлөн,


Токарь - Налайх, МСҮТ-ийн Т.Цогтсайхан


Цахилгаан - Налайх, МСҮТ-ийн Э.Рэнчин-Очир


Сантехник - Ховд, Хөгжил политехник коллежийн С.Дашдэрэм


Үсчин - Үйлдвэрлэл-Урлалын политехник коллежийн Н.Гэрэлт-Од


Өрөг угсрагч - Барилгын политехник коллежийн Г.Анх-Учрал


Мужаан - Техник технологийн политехник коллежийн Н.Батбуян


Гагнуур - Герман-Монгол МСҮТ-ийн Т.Оюун-Эрдэнэ


Тогооч - Хүнс, технологийн политехник коллежийн Л.Чибаяр нар оролцоно.

Холбоотой мэдээ