Иргэд Хөрөнгийн биржийн арилжааны талаар мэдээлэлгүй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-08-13 16:14:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Санхүүгийн зах зээлийн талаарх хэрэглэгчдийн судалгааг өнөөдөр СЗХ-ноос танилцууллаа.

 

Улсын хэмжээнд 1000 орчим иргэдийг оролцуулсан судалгаанд хамрагдсан иргэдийн 45.9 хувь нь өнгөрсөн 6 сарын хугацаанд санхүүгийн байгууллагуудаас зээл авсан байна. Нийт иргэдийн 28.3 хувь нь арилжааны банкнаас, 8.7 хувь нь ББСБ-аас, 8.7 хувь нь ломбард, 7 хувь нь хувь хүнээс зээл авчээ. Мөн үнэт цаасны зах зээлийн талаарх иргэдийн хандлага, оролцоо хангалтгүй гарсныг СЗХ-ноос мэдээллээ. Тухайлбал, судлагаанд хамрагдсан иргэдийн 17.2 хувь нь Хөрөнгийн биржийн арилжаанд оролцох талаар зөвхөн сонирхож байсан гэж хариулсан бол 82.6 хувь нь сонирхож байгаагүй, 0.2 хувь нь энэ талаар мэдэхгүй гэжээ. Харин 5.7 хувь нь үнэт цаасны арилжаанд оролцож байжээ.


Иргэд Хөрөнгийн биржийн арилжааг сонирхохгүй байгаа шалтгааныг асуухад 29.6 хувь нь арилжаанд хэрхэн оролцохоо мэдэхгүй, 70 хувь нь мэдээлэл байхгүй гэж хариулжээ. Түүнчлэн, 12.2 хувь нь арилжаанд оролцох хөрөнгө, мөнгө байхгүй шалтгаанаар сонирхдоггүй гэсэн байна.


Эн Ар Си Си” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Алтанцэцэг, “Бид иргэдийн санхүүгийн зах зээлийн оролцоо болон санхүүгийн байгууллагуудад итгэх итгэлийг судлах зорилгоор дээрх судалгааг 2016 оны III улирлаас хойш хийж байна. 2019 оны II улирлын байдлаар санхүүгийн байгууллагуудад итгэх итгэл 2018 оны мөн үеийнхээс бага зэрэг буурсан. Харин СЗХ болон ББСБ-д итгэх итгэл өмнөх оны мөн үетэй харьцуулахад тогтвортой байгаа" гэв.

 

Харин 2019 оны II улирлын байдлаар нийт судалгаанд хамрагдсан иргэдийн 30.3 хувь нь сайн дурын даатгалтай хэмээн хариулжээ. Энэ нь 2018 оны мөн үетэй харьцуулахад 9.6 хувиар өссөн үзүүлэлт юм. Судалгаагаар өндөр орлоготой бөгөөд дээд боловсролтой, орон сууцанд амьдардаг иргэд даатгуулсан гэсэн үзүүлэлт гарсан байна. Харин боловсролын түвшин доогуур иргэд даатгалын талаар мэдэхгүй гэж хариулжээ. Даатгуулаагүй иргэдийн 47.3 хувь нь даатгал шаардлагагүй, 11.7 хувь нь хураамж өндөр гэсэн хариулт сонгосон байна.

 Б.Болд

Холбоотой мэдээ