ЭНЭТХЭГИЙН ТӨР, ТҮҮНИЙ АЛБАН ХААГЧИД

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙТЛЭЛ
ariunbold@montsame.gov.mn
2019-08-15 18:01:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бидний монголчуудтай эртнээс түүх, соёл, оюун санааны  хэлхээ холбоотой явж ирсэн Энэтхэг оронд 2019 оны 4-5 дугаар сард тус улсын парламентын сонгууль арвандолоо дахь удаа явагдав. 


Сонгуулийн насны 900 сая орчим хүн оролцож нэг сар гаруй үргэлжилсэн уг сонгуулийн дүнд төр, засгийн газар 5 дугаар сарын 31-нд эмхлэн байгуулагдав. Сонгуулийн ардчилал нийгэм, улс төрийн амьдралын  нь үндэс болсон энэ улсыг дэлхийн  “Хамгийн том ардчилсан орон” гэлцдэг.


Ерөнхий сайд Нарендра Моди шинэ засгийн газраа эрч хүчтэй залуус, төрийн ажлын туршлагатай улс төрчид, чадварлаг мэргэжилтнүүдээс бүрдүүлсэн, чингэхдээ зарим мужид дараа жилийн эхээр явагдах Хууль тогтоох хурлын болон парламентын нөхөн сонгууль, доод каст, буурай омгуудын жигд оролцоог хангахыг зорьсон гэж ажиглагчид дүгнэв.


Засгийн газрын тэргүүн өөрөө орны цөмийн эрчим хүч, сансар зэрэг  бодлогын  асуудлын зэрэгцээ Нийтийн алба, түүний ажилтнуудын олон талт асуудлыг гардан эрхлэх  аж.


Тэртээ XVIII зуунд үүссэн Энэтхэгийн нийтийн  алба 1919 онд батлагдсан хуулийн дагуу шинэчлэгдсэн бөгөөд 1.3 тэрбум хүн амтай холбооны болон 29 мужийн гэх хоёр хэсгээс бүрддэг байна.


БНЭУ 1947 онд үндэсний тусгаар тогтнолоо олсон цагаас тус улсын  Нийтийн алба  улс, үндэстний эв нэгдлийг бататгах, шударга ёсыг эрхэмлэх, тал тохой үл татах, тодорхой амжилт ололтыг үнэлдэг “Мерит”-ийн зарчимд үндэслэсэн гүйцэтгэх засаглалын шинэчлэл, нийтийн алба хаагчид хийгээд тэдний сургалт, цалин хангамж, тэтгэвэр тэтгэмж,  санал хүсэлтийг  шийдвэрлэдэг.


Үндсэн хууль (315 to 323 дугаар зүйл)-ийн дагуу Холбооны нийтийн албаны инженерийн, эрүүлийг хамгаалах, батлан хамгаалах, төмөр зам, ой мод, эдийн засаг, статистик, геологи, цагдаагийн зэрэг мэргэжлийн албадын элсэлтийн шалгалтыг зохион байгуулах, нийтийн албанд элсэгчдийг сонгон шалгаруулах, хөхиүлэн урамшуулах  үүргийг Нийтийн албаны Комисс гүйцэтгэдэг.


Тус байгууллага 1958 онд батлагдаж, 1969 онд шинэчлэгдсэн  дүрмийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 10 жилээс багагүй хугацаагаар  Нийтийн албанд хүчин зүтгэсэн ахмадууд болон өдгөө ажиллаж байгаа албан хаагчдаас  дарга, 10 гишүүнийг Төрийн тэргүүн нь томилдог юм байна.


Үндсэн чиг үүрэгтээ нийцэхгүй ажиллагаа явуулсан, өөр ажил давхар эрхэлсэн гэж тус улсын Дээд шүүх дүгнэсэн, бие, сэтгэл санааны хувьд үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй гэж Ерөнхийлөгч үзсэнээс бусад тохиолдолд тэд 6 жил гүйцтэл эсвэл 65 нас хүртэл  Дээд шүүх, Сонгуулийн хорооны нэгэн адил биеэ дааж ажилладаг  аж.


Холбооны нийтийн албаны Комиссын дэргэд Төрийн нарийн бичгийн дарга, тэргүүтэй Нарийн бичгийн даргын газар ажилладаг.


Энэтхэгийн Үндсэн хууль (315-323 дугаар зүйл) болон Нийтийн албаны Комиссын дүрэм-ийн дагуу холбооны болон мужийн засгийн газруудын Нийтийн албанд ажилтан элсүүлэхтэй холбогдсон дүрэм журмыг боловсруулах, төрийн өмчит компани, нийслэл хотын захиргаанд удирдах ажилтан элсүүлэхэд Нийтийн албаны Комисс зөвлөхөөс гадна улсын хэмжээнд нийтийн албаны элсэлтийн шалгалтыг зохион байгуулдаг. Уг шалгалтад 2019 оны байдлаар 1.1 сая  гаруй хүн  хамрагдсан, шалгалт жил тойрон үргэлжлэх аж.


Парламентын сонгуульд ялалт байгуулсан улс төрийн  намаас томилогдсон сайдын бодлого, үүрэг даалгаврыг хэрэгжүүлдэг гүйцэтгэх засаглалын байнгын, тогтвортой ажиллагааг хангадаг, мэргэжсэн захиргааны аппаратын хувьд Нийтийн албаны комисс нь элсэлтийн дүрэм журмуудыг боловсронгуй болгох, элсэлтийн шалгалтыг зохион байгуулахын зэрэгцээ тухайн нэр дэвшигчтэй ярилцлага хийх, Нийтийн албаны ажилтныг дэвшүүлэх, сэлгүүлэн ажиллуулах, сахилгын шийтгэл ногдуулах, чиг үүрэгт нь хамаарах асуудлаар засгийн газарт болон Ерөнхийлөгчид зөвлөж, ажлаа Парламентад мэдээлдэг. Чингэхдээ, элсэлтийн шалгалтын оноог 50 хувь, ярилцлагын оноог 12 хувь, их, дээд сургуулийн дипломын дүнг 38 хувь харгалздаг. Ярилцлагаар тухайн хүний ерөнхий мэдлэгийг бус, төлөвшил, ёс зүй, үнэнч шударга чанарыг үнэлдэг  байна.


Ерөнхийлөгчийн таалалд нийцүүлэн биеэ даан ажилладаг  Нийтийн алба, түүний ажилтныг улс төрийн болон хувийн үзэл бодол, угсаа гарал, нийгмийн байр сууриар  нь ялгаварлах, хавчих, дарамтлах явдлыг Үндсэн хууль (311 дүгээр зүйл)-аар хориглодог. Нийтийн алба хаагч төрд алба хашдаг боловч төрд хашдаг  бүх хүн Нийтийн албан хаагч байдаггүй. Жишээлэхэд холбооны болон мужийн засгийн газрын удирдах тушаалтан, НҮБ, түүний салбар байгууллагад  болон хилийн чанад дахь  Дипломат төлөөлөгчийн газарт томилогдсон  дипломат, татварын байцаагчид, цагдаагийн дээд тушаалтан, төрийн өмчийн үйлдвэр, аж ахуйн газрууд, банк, санхүүгийн байгууллагуудын дарга, сайдын зөвлөх, шадар туслах, бие төлөөлөгч нар Нийтийн албанд багтдаг. Энэтхэгийн  нийтийн албанд 2019 оны байдлаар ажилладаг 6.4 сая хүнийг 5 түм орчим Нийтийн албан хаагч удирддаг. Тэд албан тушаалын ангилал, зэрэглэл, ур чадварт тулгуурласан тогтмол цалин, хангамж эдэлж, тогтвортой ажилладаг аж.


Энэтхэгийн Үндсэн хууль (312 дугаар зүйл)-д зааснаар парламентын  дээд танхим гишүүдийн 2/3-ын саналаар Нийтийн шинэ салбарыг үүсгэн байгуулдаг. Нийтийн албан хаагчдын ажил үүргээ гүйцэтгэх ур чадварыг дээшлүүлэх алба (Indian Skill Development Service) 2015 онд,  Ажил хэргийн чадавхийг хөгжүүлэх алба (Indian Enterprise Development Service)-ыг 2016 онд байгуулсан бөгөөд Нийтийн албыг Захиргааны, Цагдаагийн, Гадаад харилцааны, Ойн гэхчлэн  давтан сургаж, мэргэшүүлдэг. Эдгээр сургалтуудад манай улсын Төрийн албан хаагчид ойрын үед хамрагдах болно.


Яам, агентлагийн газрын захирлаас дээш түвшинд томилох, сэлгүүлэн болон үргэлжлүүлэн ажиллуулах эсэхийг Нийтийн албаны зөвлөлийн зөвлөснөөр Засгийн газрын танхимын сайд нараас бүрддэг Томилгооны хороо, бусад томилгоог Боловсон хүчний яам эрхэлдэг.


Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга бол Нийтийн албыг тэргүүлж  бусад албад, байгууллагын байнгын үйл ажиллагааг удирддаг, Нийтийн албаны дээд тушаалтан юм. Тэрбээр зохих мэдлэг, туршлагатай,  алив бэрхшээл сорилтыг даван туулах чадвартай ажилтнуудаар тус албыг сэлбэж бэхжүүлэх, шударга, нэр  төртэй ажиллах орчин, нөхцөлийг бүрдүүлэх үүрэг хүлээдэг.


Нийтийн алба хаагч Үндсэн хууль, бусад хуульд нийцүүлж, үндэсний эв нэгдлийг дээдлэн, ил тод, шударга ажиллах, ажилдаа тууштай, эх оронч,  үнэнч, шударга, алагчлалгүй, хариуцлагатай, хандах, удирдлагын үр дүнтэй арга барилыг эзэмшиж, хувь хүний хувьд өндөр чадвартай, манлайлагч байх, албан тушаал, эрх мэдэл, мэдээ мэдээллийг ёс зүйтэй хэрэглэх, сайн засаглал, нийгэм-эдийн засгийн хөгжлийг эрчимжүүлэх  ажлыг тэргүүлдэг байна.


Энэтхэг улсын нийтийн алба  нь Бүх Энэтхэгийн болон Төв засгийн газрын буюу  I, II зэрэглэлд хуваагддаг. Бүх Энэтхэгийн  нийтийн алба (Захиргааны, Ойн, Цагдаагийн алба гэх мэт )-нд  төрийн тэргүүн томилдог. Дээд боловсролтой, их, дээд сургууль төгсөгчдийг дөрвөн шатны шалгаруулалтаар сонгон элсүүлдэг. Элсэлтийн шалгалтыг I зэрэглэлд инженерийн, эрүүлийг хамгаалах, батлан хамгаалах, төмөр зам, ой мод, эдийн засаг, статистик, геологи, цагдаагийн албадын гэж төрөлжүүлдэг бөгөөд Ажиллагсдыг сонгон шалгаруулах комисс  их, дээд сургуулийн түвшний шалгалтыг цогц байдлаар зохион байгуулдаг. Төв засгийн газрын нийтийн алба нь  холбооны  засгийн газарт харьяалдаг.


I  зэрэглэл (Авто болон төмөр зам, Ботаник, Барилга, Инженер, Геологи, Эрүүлийг хамгаалах, Мэдээлэл, Хууль зүй, Хөдөлмөрийн харилцаа, Цахилгаан эрчим хүч, Орлого, Батлан хамгаалах, Иргэний агаарын тээвэр гэх мэт нийт 63 салбарын удирдлага багтдаг)-ийн  томилгоог мөн Ерөнхийлөгч  батламжилдаг.


Мужуудын нийтийн алба (Төсвийн орлого, газар хуваарилалт, хөдөө аж ахуй, ой мод, боловсрол зэрэг)-ны элсэлтийн шалгалт, сонгон шалгаруулалтыг тухайн мужийн засгийн газар эрхэлдэг байна.


Элсэлтийн шалгалтад нийгмийн бүхий л давхаргыг жигд оролцуулах үүднээс нийтийн албаны сул орон тоог харгалзан босго оноог  ялгавартай тогтоох замаар доод каст, буурай омгийнхонд дэмжлэг үзүүлдэг. Жишээ нь 2017 онд Нийтийн албанд 1078 ажилтан элсүүлэхэд ердийн ангилалд 499, доод кастын 314, буурай омгийн 89 гэх мэтээр квотын  дагуу босго оноог ялгамжтай тогтоосноор  ердийн ангилалд 590, доод кастад 548,  буурай омгийн 98 төлөөлөл элссэн  аж.


Нийтийн албанд элссэн шинэ ажилтан нэг жилийн сургалтад хамрагдаж хоёр жилийн хугацаанд дадлагаждаг. Дадлагажих хугацаанд үндсэн цалин, цалингийн 10 орчим хувиар тооцож өдөр тутмын зардал , цалингийн 10  хувьтай тэнцэх орон сууцны түрээсийн хөнгөлөлт,томилолтын мөнгө зэрэг хангамж эдэлдэг.


Хоёр жилийн дадлагажих хугацаа дуусч жинхэлэхэд цалин хангамж нь зэрэглэлийн доод , дээд,  шилэгдмэл, ажилласан жил гэх мэтээс хамаарч 4-5 шатлалаар нэмэгддэг. Цалингийн шатлал бол тухайн ажилтны авах боломжит цалингийн дээд, доод хязгаар  учир ажилласан жил, ур чадвар, ажлын бүтээмжээс хамаарч  харилцан адилгүй  цалин авдаг байна.


Нийтийн албанд эхлэн ажиллагсдын үндсэн цалингийн хэмжээг ингэж тогтоохоос гадна мөнгөний ханшны уналтыг  жил бүр цалингийн 3 хувь, өдөр тутмын зардлын мөнгийг цалингийн 10-14 хувиар тооцдог. Онцгой сайн ажилласан хүн ажилласан жилээс хамааралгүй цалин, шатлалын нэмэгдэл авдаг. Энэ байдлаар төрийн  албан хаагчийн цалин 7-9 жилд дунджаар хоёр дахин нэмэгддэг.


Нийтийн албанд 9 жил ажилласан нэгэн ихэвчлэн яамны нэгж удирдах түвшинд хүрч хямд үнэтэй түрээсийн орон сууц, манаач, цэцэрлэгч, гэрийн үйлчлэгч, тогоочийн цалингаас гадна  дохиололтой  суудлын автомашин эзэмших, хэрэглэсэн цахилгаан, харилцуур утасны төлбөрийг нөхөж авах, 2-4 жилийн хугацаагаар гадаадад, тухайлбал өрнөдийн нэр хүндтэй их дээд сургуульд улсын зардлаар суралцах эрх эдэлдэг. Нийтийн албан хаагч байгууллагынхаа хоолны газарт  болон улсын дэлгүүр мухлагт хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжтой юм байна.


Энэтхэгийн нийтийн албаны мэдээллээс үзэхэд 2011 онд 45 албан хаагч шийтгэл хүлээж Мөрдөн байцаах товчноос 943 хэрэгт  хийсэн үзлэг шалгалтад нийтийн албан хаагчид холбогдсон. Хонгконг дахь Улс төр, эдийн засгийн эрсдлийн зөвлөх байгууллагын судалгаагаар Энэтхэгийн нийтийн алба 2012 онд 9.21 оноогоор Азийн 10 улсад хоёрдугаар байр эзэлсэн. Бизнес эрхлэгчид нь  нийтийн албыг бүтээмж багатай, авилгад автсан хэмээн шүүмжилдэг. Боловсон хүчин, нийтийн гомдол санал, тэтгэвэр тэтгэмжийн яам нь авилгын эсрэг шийдвэртэй арга хэмжээ авах шаардлагатай гэж дүгнэсэн байна. Тус яамны Боловсон хүчин, сургалтын газраас  Бүх Энэтхэгийн нийтийн албанд  15-аас дээш жил ажилласан, ур чадваргүй, үр дүн багатай, бүтээмж багатай албан хаагчдыг өндөр насны чөлөөнд хугацаанаас нь  өмнө гаргаж байсан. Нийтийн албанд 2000 онд элсч 10 гаруй жил ажилласан  боловч 31.5 сая рупийн хөрөнгө, орлогынхоо эх үүсвэрийг тайлбарлаагүй албан хаагч, гэмгүй иргэдэд  зохиомол хэрэг үүсгэн хэлмэгдүүлсэн Цагдаагийн хоёр ажилтан, эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандсан татварын албаны 33 ажилтныг хугацаанаас нь өмнө тэтгэвэрт гаргасныг хэвлэлүүд мэдээлсэн.


Сангийн яам ч үүргээ биелүүлээгүй 72 албан хаагчийг халж,  хугацаанаас нь өмнө тэтгэвэрт гаргасан байна. Ажлын бүтээмж багатай ажилтнуудыг үе үе ингэж зайлуулах нь зүйтэй ч асуудлыг ил тод, шударга шийдэх, тухайн албан хаагчийн өмнөх жилүүдэд ажилласан байдлыг харгалзах шаардлагатай. Эс тэгвээс улс төрийн шалтгаантай хэлмэгдэл үүсч болзошгүйг Төрийн албаны зөвлөл  анхааруулдаг юм байна.


Энэтхэгийн нийтийн албаны ажилтны эсрэг иргэдийн санал гомдлыг Боловсон хүчин, гомдол санал, тэтгэвэр тэтгэмжийн яам аливаа баримт нотолгоо шаардалгүй хүлээн авч байх, яамд, агентлагийн газрын захирлын албан тушаалд хувийн хэвшлээс авьяас чадвартай хүмүүсийг тодорхой хугацаагаар авч ажиллуулах болоод байна. Бүх  Энэтхэгийн нийтийн албаны дүрмийн Албан хаагч нас барсан тохиолдолд олгох тэтгэмж, тэтгэврийн талаарх заалтыг 2012 оны 1 дүгээр сард шинэчилсэн.


Тус улсын Дээд шүүх холбооны засгийн газрын нийтийн албан хаагчдын ажиллах хугацааг жигд тогтоох, улс төрчдийн амаар өгсөн үүрэг даалгаврыг бичиж тэмдэглэж  тэдний гаргасан шийдвэрийг баримтжуулж хэвшихийг ыг төв болон мужуудын засгийн газарт даалгасан байна.


Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцэж Төрийн албаны эрх үүргийг оновчтой тодорхойлоход Энэтхэг улсын Нийтийн албаны Комисстой саяхан байгуулсан хамтын ажиллагааны Санамж бичиг тус дөхөм үзүүлэх болно.

Монгол Улсаас БНЭУ-д суугаа

Элчин сайд Г.Ганболд 

Холбоотой мэдээ