Багш нарт сургалтын хөтөлбөрийн үр дүнг танилцуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-08-19 11:51:01

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн 17 сумын  сургууль, цэцэрлэгийн бүх багш нар, сургуулийн удирдлага, мэргэжилтэн зэрэг 1447 хүн оролцсон “Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх арга зүй” сэдэвт сургалт болов.

Сургалтын үйл ажиллагаа ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн сургалтын хөтөлбөр, суралцахуйн удирдамж, зөвлөмжийг хэрхэн сайжруулсан талаар танилцуулах, улмаар багш нарын заах аргачлалд дэмжлэг үзүүлэхэд чиглэж байсан. 

БСШУС-ын сайдын санаачилгаар сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт, түүнд нөлөөлөх хүчин зүйлсийг олон удаагийн судалгаа, багш нарын хэлэлцүүлгээс гарсан санал хүсэлтэд тулгуурлан сургалтын хөтөлбөрийг сайжруулах, тохиргоо хийх ажлын хэсэг хагас жилийн хугацаанд ажиллажээ.

Тиймээс хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө нийт багш нарт дээрх сургалтын хөтөлбөрт сайжруулалт хийсэн үр дүнг танилцуулж,  үндэсний хэмжээний сургалтыг зохион байгуулсан нь энэ аж.

Ховд аймгийн боловсролын салбарт "Багшийн хөгжил", "Номын гэгээ", "Авьяас", “Чадварлаг Ховдчууд” хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэ удаагийн сургалтаар  эдгээр хөтөлбөрийн хэрэгжилтийн явцыг дүгнэн  ярилцах замаар  цаашдын үйл ажиллагааны тухай хэлэлцсэн байна.

Сургалтын үр дүнд  БСШУСЯ-ны бодлого шийдвэр, сургалтын хөтөлбөрийн сайжруулалтын талаар багш, мэргэжилтнүүд  нэгдсэн ойлголттой болсон аж.

 

 

Холбоотой мэдээ