"Ховдын хөгжил-2019" үзэсгэлэн худалдаа болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-08-19 12:49:13

Ховд /МОНЦАМЭ/. Энэ сарын 13-наас 16-нд болсон “Цайны зам” өв соёлын II наадмын үеэр “Ховдын хөгжил-2019” үзэсгэлэн худалдаа боллоо.

Аймгийн  хэмжээнд худалдаа, үйлдвэр, үйлчилгээ явуулж буй 2300 гаруй  иргэн, аж ахуйн нэгжийн төлөөлөл болсон 110 иргэн, аж ахуйн нэгж үзэсгэлэн худалдаанд оролцож модон эдлэл, эсгий урлал, хүнсний бүтээгдэхүүн, жимс жимсгэнэ зэрэг 70 орчим нэр төрлийн бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд хүргэснээс гадна 70 гаруй сая төгрөгийн бараа бүтээгдэхүүний борлуулалт хийжээ.

Үзэсгэлэн худалдааны хүрээнд “Ховд аймгийн брэнд бүтээгдэхүүн”-ийг шалгаруулж, аймгйин Засаг даргын захирамжийн дагуу брэнд бүтээгдэхүүний тэмдэгт хэрэглэх эрх, гэрчилгээ олгов.  

Үүнд, “Арван улиас” хоршооны дарга Н.Булгаагийн 12 сортын улаан лооль, “Тахилгатын нуруу” ХХК-ийн захирал А.Жамьянмядагийн сутай цай, “Баян тулга ханд” ХХК-ийн захирал У.Баттулгын модон домбо шалгарчээ.   

Иргэн Н.Булгаа 1972 оноос импортыг орлох  экологийн цэвэр бүтээгдэхүүн 12 сортын улаан лооль тарьж эхэлсэн байна. Улаан лооль нь 12  амт чанар өөр бөгөөд  хальс нь зузаан, шүүслэг аж. Тус бүтээгдэхүүн орон нутгийнхаа хэрэгцээний 50 хувийг хангаж байна.

Харин “Сутай цай”-ны  үйлдвэрлэл 2010 оноос эхэлсэн. Байгалийн цайны ургамлыг түүж, хатаан боловсруулж, савлан борлуулдаг. Өмнөх онуудад Ховд аймаг төдийгүй Улаанбаатар хот, зэргэлдээ аймгийн хэрэглэгчдийн таашаалд нийцсэн бүтээгдэхүүн, ургамлын гаралтай шилдэг бүтээгдэхүүн, шилдэг сав баглаа боодолтой бүтээгдэхүүнээр шалгарч байжээ.

Мөн “Баян тулга ханд” ХХК-ийн хувьд 2015 оноос мод, модны үндсээр ухаж сийлбэрлэн бүтээсэн модон эдлэл, домбыг захчин ардын ёс уламжлалд тулгуурлан үйлдвэрлэж байна. Модон домбыг улиас, хус модоор хийдэг ба 3-5 литр багтаамжтай. Зэс гууль болон бургас битүү сүлжин бүслүүр хийнэ. Ингэхдээ халуун усанд чанаж хагсаан, шөлөнд чанаж модны амт, үнэрийг арилгадаг аж. 

Үүнээс гадна үзэсгэлэн худалдаанд оролцсон бараа бүтээгдэхүүнээс 17 шилдэг номинац шалгаруулан шагнаж урамшууллаа. Шилдгээр шалгарсан иргэн аж ахуй нэгжийн бүтээдгдэхүүн нэрсийг хүргэе.

 “Шилдэгийн шилдэг гранпри”-“Сод эсгий гоёл” ХХК

“Шилмэл оёмол бүтээгдэхүүн”-ээр Алтай сумын иргэн П.Бадамцэцгийн ширмэл ширдэг

“Шилдэг махан бүтээгдэхүүн”-ээр “Хан жаргалант Ховд” хоршооны махан бүтээгдэхүүн, жерки

“Модон эдлэлийн шилдэг бүтээгдэхүүн”-ээр “Уян дөш” ХХК-ийн утас ээрэгч машин

“Гар урлалын шилдэг бүтээгдэхүүн”-ээр Алтай сумын иргэн Т.Янжмаагийн туузан урлал

“Шилдэг гурилан бүтээгдэхүүн”-ээр Мөст сумын “Хос өнхрүүш” ХХК-ийн хос гөөхий

“Шилдэг сүүн бүтээгдэхүүнээр”-ээр Дарви сумын “Баян хөвхөр” нөхөрлөлийн цагаан идээ

“Шилдэг зохион байгуулалттай оролцсон сум”-аар Мөст сум

“Шилдэг ургац”-аар Жаргалант сумын иргэн Д.Оюунжаргалын нарийн ногоо

“Хэрэглэгчдийн таашаалд нийцсэн бүтээгдэхүүн”-ээр Булган сумын иргэн Ш.Хоролсүрэнгийн  хөх тарианы гурил

“Шилдэг органик бүтээгдэхүүн”-ээр Үенч сумын иргэн Д.Оюунчимэгийн арвайн гурил

“Чанарыг эрхэмлэгч байгууллага”-аар “Мэргэн пүү сонголт” нөхөрлөлийн  Д.Пүрэвцэдэвийн модон эдлэл

“Ургамлын гаралтай шилдэг бүтээгдэхүүн”-ээр Мөнххайрхан сумын “Гурван хайрханы дом” ХХК-ийн сартагтай цай

“Шилдэг сав баглаа боодолтой бүтээгдэхүүн”-ээр Манхан сумын “Баян хөө хайрхан” ХХК-ийн бэлгийн багц

“Экологийн цэвэр бүтээгдэхүүн”-ээр Булган сумын “Минжит булган зөгий” ХХК-ийн зөгийн бал

“Шилдэг үйлдвэрлэгч залуу”-гаар Булган сумын иргэн С.Ариунбилэг \14 төрлийн хатаасан ногоо үйлдвэрлэдэг\

“Шилдэг өрхийн үйлдвэрлэгч”-ээр Н.Идэрбаатар, Б.Ганчулуун нарын тосон зураг, цаасан урлал  тус тус шалгарч, шагнал гардав.
"Ховдын хөгжил" үзэсгэлэн худалдааг  жил бүр зохион байгуулж, худалдаа, үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжийг дэмжиж ажиллана гэж албаныхан онцлов.

 


Холбоотой мэдээ