"Залуус" хорооллыг бүтээн босгож байна

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2019-08-19 13:08:23

Ховд /МОНЦАМЭ/.  Ховд хотыг 2030 он хүртэл  хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний дагуу аймгийн төв талбайгаас гурван км зайд “Залуус хороолол" байгуулахаар шийдвэрлэжээ. Энэ ажлын хүрээнд гүйцэтгэгч компани 30 айлын орон сууцны барилгын суурь цутгаж дуусаад өрлөгийн ажил  эхэлсэн байна. 

Орон сууцны барилгын ажлыг ирэх арван нэгдүгээр сард ашиглалтад оруулахаар “Бат дайчин” ХХК-ийн 40-50 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байна.

“Залуус хороолол"-ын орон сууц  хоёр давхар бөгөөд зах зээлийн үнээс хямд буюу нэг ам метр нь 780 мянган төгрөгийн ханштай гэнэ. Мөн шинээр гэр бүл болсон залуучууд урьдчилгаа 30 хувиа төлөөд найман хувийн хүүтэй орон сууцны зээлд хамрагдах боломжтой.

Ховд хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний дагуу “Залуус хороолол" байгуулахаар 30 га газар шийдвэрлэсэн бөгөөд үүний 20 гаруй га талбайд шинэ бүтээн байгуулалт, дэд бүтцийн ажил хийхээр төлөвлөж байна. Үүнээс гадна цэвэр агаарт цэмцгэр, тохилог орчин бүрдүүлэхийг зорьж буй. 

Ховд аймгийн нийт хүн амын 50 гаруй хувь нь залуучууд. Ажлын байр хомс, эдийн засгийн хувьд боломж тааруу гээд тэдний өмнө багагүй бэрхшээл тулгардаг аж. Ялангуяа газар эзэмших, орон сууцтай болох нөхцөл боломж нь хязгаарлагдмал гэнэ.

Тиймээс аймаг орон нутгаас залуучуудыг дэмжих, тэднийг хямд үнэтэй орон сууцаар хангах чиглэлд анхаарч энэ ажлыг эхэлсэн байна.   


Холбоотой мэдээ